Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2025.12.03) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцыг хэрэгжүүлэх оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Жил бүрийн 12 дугаар сарын 03-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ онд тус өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийн дэвшлийг ахиулья” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулсан бодлогын хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний болон салбар зөвлөлүүд, төрийн болон төрийн бус байгууллага (ТББ)-ын төлөөлөл зэрэг үндэсний оролцогч талууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Бодлогын хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц”-оор хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж буйг товч дурдаад, энэ талаарх түгээмэл хандлагыг хууль тогтоомж, бодлого шийдвэрт нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлагчтай ажлын хэсэг ажиллаж байгааг танилцуулсан юм. Хүний хөгжлийн ялгаатай байдлыг тодотгодог, өндөр нас болон бусад талаар нь ялгаж хөгжлийн төв зэрэг нэгж, бүтэц байгуулах нь уг ялгааг улам гүнзгийрүүлж буй алдаатай хандлага болохыг тэрбээр онцолж, энэхүү хоцрогдмол хандлагыг өөрчлөх ёстой гэдгийг дүгнэн хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар мөн энэ асуудлыг чухалчлан өгүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тэгш хангахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд тал талаас идэвхтэй оролцож хамтран ажиллах, мөнхүү энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадавхжуулах асуудал чухал болохыг онцоллоо. Тэрбээр хууль тогтоомж, төр, засгийн бодлого, шийдвэрт холбогдох зүйл, заалтыг тусгах, хэрэгжүүлэх болон нийтлэг хандлагыг өөрчлөх талаар тодорхой ахиц гарч байгааг тэмдэглээд, хэдий тийм ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлийг бусад хүмүүс тэдний нэгэн адил ойлгож, мэдэрч чадахгүй байгааг жишээ татан өгүүлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхигдуулалгүй, сайтар тусгаж батлах талаар идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.

НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас хийж буй ажил, бодлогын шийдвэрүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул танилцуулж, өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг төлөөллөөр нэмэгдүүлэх, мөн Засгийн газрын агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгон эрэмбийг дээшлүүлж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулсныг мэдээлэв. Монгол дахь НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч, хатагтай Лин Цао, хүртээмжтэй засаглал бол шударга, эрх тэгш нийгмийг цогцлоох үндэс суурь болохыг дурдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжээд зогсохгүй тэдний өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж чадах өөрчлөлтийн арга замыг бий болгох нь чухал юм гэлээ. Энэ талаар бодлогын хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг саад бэрхшээлийг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцоог хангах талаар НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа үндэсний оролцогчид, төрийн бус байгууллагуудад талархал дэвшүүлэв.

Бодлогын хэлэлцүүлэгт НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцод туссан оролцооны арга замуудын тухай Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Болороо танилцуулж, хүртээмжтэй, саад тотгоргүй, оролцоотой ирээдүйг хэрхэн бий болгох тухай хэлэлцүүлэгт оролцогчидтой санал солилцсон юм. Мөн энэ үеэр дээрх Конвенцын зөвлөмжүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн НҮБ-ын хорооноос гаргасан найман ерөнхий тайлбарын 6, 7 дугаар тайлбарыг монгол хэлнээ орчуулан хэвлэсэн талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ танилцуулав. Тус байгууллага НҮБХХ-ийн дэмжлэгээр орон нутгийн захиргаа, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан хүртээмжийн шинэ загвар боловсруулж, орон нутгийн засаглалд оролцооны арга зүйг нутагшуулах зорилго бүхий “Хамтын оролцоо, хүртээмжтэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж буй юм.

Мөн НҮБХХ-өөс асран хамгаалагчдын хөдөлмөр, эдийн засгийн үнэлэмжийг бодлогын түвшинд тусгах, жендэр ба асрамжийн асуудлыг бодлогоор шийдэх загвар боловсруулах “Асрахуйн эдийн засгийн хүртээмжийн жишиг загвар” төслийг “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-тай, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд боловсролд тохируулгатай орчин бүрдүүлэх туршлага бий болгох “Боловсролын байгууллагын тохируулга” төслийг “Гэрэлт цох байшин” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор, Б.Оюунтөгс нар төслүүдийнхээ явц, үр дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулж, санал солилцов. Хөдөлмөр эрхлэхэд тулгардаг саад нь чадвар дутагдаж байгаа хэрэгж биш, харин боломж хомс байгаатай холбоотой гэдгийг “Гэрэлт цох байшин” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс дүгнэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах суурь нөхцлийг бүрдүүлэхэд дээд боловсролын хүртээмж чухлаар тавигдаж байгааг онцолсон юм.

Түүнчлэн бодлогын хэлэлцүүлэгт төрийн аливаа бодлого шийдвэр, хууль тогтоомжид оролцооны арга замуудыг хэрхэн зураглаж, тусгах талаар НҮБХХ-ийн 3P4D төслийн зөвлөх Д.Солонго илтгэл тавив. Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах 3P4D төслийн хүрээнд оролцооны шинэлэг арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн “оролцооны хурдасгуур” санаачилгуудыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины лоббины мөнгө бол ирээдүй хойч үеийнхнийхээ эрүүл мэнд, амь насыг золиосолж олсон мөнгө  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.