Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд урьж, баяр хүргэлээ. 1992 онд Улсын Их Хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг амьдралд анхлан хэрэгжүүлж, өнөөгийн Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавин, тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх талаар нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн, өөрийнх нь тодорхойлсноор “Дахин хэзээ ч давтагдашгүй парламент”-ын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан ахмад парламентч С.Нарангэрэл Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэн нь парламентын төдийгүй Монголын хууль, эрх зүйн салбарын түүхэн үүрэг, нэр хүндийг өндөрт өргөсөн явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ үеэр онцолсон юм. Тэрбээр хууль, эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвиж, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог судлах, тэдгээрээс суралцах ажлыг манлайлсан нэрт судлаач болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дурдаад, хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зохион туурвисны дотроос “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” шагнал, монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг эх сурвалжид тулгуурлан тайлбарласан, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодорхойлсон бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнийг цохон тэмдэглэв.

“Хууль бол хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй, нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм. Хууль бол ёс суртахуун. Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай”  гэсэн  захиас  сургаал тань төрийн түшээд бидний үзэл санааны үндсэн зарчим, үйл ажиллагааны эрхэмлэн дагах зам мөр байх болно хэмээн тэрбээр илэрхийлж, алд цэнхэр хадаг, эзэн Чингис хааны эш хөрөг, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж 21 боть номыг гардуулав.

Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл ажил, амьдралынхаа бүх цаг, орчинд Их эзэн Чингис хааны билэг сургаал, түүний бий болгож үлдээсэн монгол бахархлыг чанд баримтлан, сурган таниулж явдаг нэрт соён гэгээрүүлэгч, олон улсад хүндтэй эрдэмтэн болохыг нь танилцуулж, аливаа хуулийг бий болгох үндэс нь ёс суртахуун бөгөөд үүнийг түшиглэж гаргасан хууль нийгэмд өөрөө тогтож мөрдөгддөг зарчмыг тодорхойлсон академич С.Нарангэрэлийн онолын гаргалгаа ихээхэн ач холбогдолтойг дүгнэн хэлэв.

“Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл энэхүү тэргүүн зэргийн шагналыг хүртэхэд надад олон зүйл нөлөөлсний нэг нь Монгол Улсын анхны Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хувь тохиосон явдал хэмээн өгүүлээд, улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун түүх, аймшигт технологийг судалж, олон мянган хэргийн материал, хууль зүйн баримтуудтай танилцсаны дүнд аливаа улс орон бүхэлдээ аль нэг гүрний дагалдагч улс байж болдоггүй юм байна гэдгийг ойлгож ухаарснаа ярьсан юм. Тэрбээр, Монголын ард түмэн ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн байж, эзэн Чингис хааныхаа голомтыг чандлан сахиж оршихуйн нөхцөлийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд та бүхний хүчин зүтгэл, баталж буй хууль маш их хэрэгтэй хэмээн зориуд тэмдэглэж, дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоох үйл хэргийг манлайлж байсан дээдсийнхээ хүчирхэг ёс суртахууныг баримталж ажиллахыг захилаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.