Төрийн бус байгууллага байгуулж, түүгээрээ дамжуулж бизнес хийдэг, тэр дундаа нийслэлийн иргэдийн толгойн өвчин утааны сэдвээр бизнес хийдэг хүмүүс олширлоо. Өвөл болохтой зэрэгцэн тэдний үг яриа ихэсдэг. Жишээлбэл, НИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Цэнгэний Түмэнбаяр бол өдгөө “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн бөгөөд тус бүлгэмийн админ.
Нийслэлээс энэ өвөл хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш гэгдэх хагас коксон шахмал түлшийг хэрэглэж, утааг 45 хувиар бууруулна. 2026 оноос хагас коксон шахмал түлшний үйлдвэртэй болно. Мөн 5000 өрхийг үнэгүй дулаалж, хийн түлшинд шилжүүлж байна. Ойрын жилүүдэд гэр хорооллын 170 мянган өрхийг яндангаас салгаж, хийн түлшинд шилжүүлнэ. Орон сууцанд шилжүүлнэ гэж байгаа. Эдгээр ажлыг Ц.Түмэнбаяр эсэргүүцэж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах өөрийн төлөвлөгөөг танилцуулсан юм.
Тэрбээр “Улаанбаатар хотод байгаа 100 мянган гэрийг дулаалахад утаа 50 хувь буурч, гамшгийн байдал арилна” гэдгийг онцолсон. Ингэхдээ нэг монгол гэрийг 3-4 сая төгрөгөөр дулаална. Тухайн айлын гэрийн нийт талбайгаас хамаарч 2 сая хүртэл төгрөгөөр шалны халаалт суурилуулна. Ц.Түмэнбаярын ярьж байгаагаар нэг монгол гэр буюу Улаанбаатар хотын нэг айлыг 6 сая төгрөгөөр дулаалж, тэр мөнгийг тухайн айлаас гаргуулах юм. Нийт 100 мянган гэрийг дулаалахад Улаанбаатар хотын утаа 50 хувиар буурах аж.
Сэтгэгдэл бичих хэсэг