Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа усыг саарал ус гэж нэрлэдэг. Энэ саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна. Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж байна. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өвөртохойд Туул голын бохирдол ямар байгааг тайлбарлаж, Туулын голын эко системийг хамгаалах талаар ярилцлаа.
Сэтгэгдэл бичих хэсэг