Л.Оюун-Эрдэнэ: Эхний тунг өөрөө тариулж, иргэдээ уриална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хамт ажиллалаа. ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудын нөхцөл байдал болон вакцин хадгалах, тээвэрлэх агуулах, савны хүрэлцээ хангамжтай танилцсан юм. ХӨСҮТ-ийн эмч нарын зүгээс хадгалах хөргүүрийн сав нь олон улсын стандартад нийцсэн гэдгийг тодотгов.

Мөн улсын хэмжээнд буюу 548 дархлаажуулалтын нэгжээр дамжуулан иргэдэд вакцинжуулалтыг тогтсон хуваарь, гаргасан жагсаалтын дагуу хийж дуусгана гэлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэг өрх-Нэг шинжилгээ” хөтөлбөр эхэлснээс хойш 230 мянган өрхөд шинжилгээ хийсэн байна. Амаргүй ажлыг хийж буй та бүхэндээ баярлалаа.

Нийтдээ энэ сарын 22-ныг хүртэл "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г 410 мянган өрхөд хийнэ. Шинжилгээ хийсний үр дүнд 23 тохиолдлыг иргэдийн дундаас илрүүлсэн байна. Хэрвээ үүнийг мэдэхгүй явсан бол цар тахал болж мэдэх байлаа. Улс орны зүгээс ч бүх анхаарлаа тавьж байна. Эдийн засаг эхэнд, эрүүл мэнд дараа нь, эсвэл эрүүл мэнд эхэнд гэсэн зарчмаар явахгүй. Аль аль нь нэгдүгээрт гэж явна.

Вакцинжуулах ажлыг хурдан эхлэх тусмаа эдийн засагт дэмтэй. Тиймээс вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайдын хувьд тариулж ард иргэдээ уриална. Вакцинжуулах ажил хурдан эхлэх тусмаа бид бүхэн энгийн амьдралдаа эргэж хурдан орно. Олон нийтэд маш зөв системтэй ойлголтыг мэргэжлийн хүмүүс та бүхэн маань өгөөрэй.

Вакцинуудын ялгаатай байдал, монгол хүний онцлог гээд олон зүйл дээр мэргэжлийн хүмүүсийн тайлбар хэрэг болно. Хоёр хөршийн үйлдвэрлэсэн вакциныг татна. Гэхдээ ДЭМБ-аас зөвшөөрсөн тохиолдолд иргэддээ хийж эхэлнэ. АНУ, Германы хамтарсан “Ptizer”, Оксфордын Их сургуулийн “AstraZeneca”-ыг ДЭМБ хүлээн зөвшөөрөх талаар яригдаж эхэлсэн учраас иргэддээ хийж эхэлнэ. Энэ мэтээр нарийн зүйлсийг сайн ойлгуулаарай” гэлээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.