Сергей Диордицаг: Монгол Улс эв нэгдлийг харуулж чадлаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр /2020.05.15/ Төрийн ордонд “COVID-19” цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

   Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье, Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд урьж оролцуулсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Таньд талархал илэрхийлье гээд дараах мэдээллийг өглөө.

     2019 оны 12 дугаар сард шинэ, тодорхойгүй өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь үндэсний болон олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтран бэлэн байдал, хариу арга хэмжээ авах ажлыг удирдан, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийж, хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.

    Монгол Улсын Онцгой комиссоос халдвараас сэргийлэх зорилгоор шаардлагатай шийдвэрийг шуурхай гаргаж, олон улсын аялал жуулчлалыг хязгаарлах, бүх шатны сургууль, цэцэрлэг, сургалтыг хаах, Монголын ард түмний уламжлалт сар шинийн баяр гэх зэрэг олон нийтийн арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдийг цуцлах гэхчлэн үр дүнтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн.

    Өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 05 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд  бүрэн дасгал сургуулилалт зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоон, аюулгүй байдлыг хангах зорилгоор тохиолдлын удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багууд  мөр зэрэгцэн ажиллалаа. Энэ үйл ажиллагаагаар Монгол Улсын өнгөрсөн жилүүдэд бэхжүүлсэн тогтолцоог шалгаад зогсохгүй “COVID-19” цар тахал нийт хүн амын дунд тархсан үед нийгэм, олон нийт бүхэлдээ хэрхэн бэлтгэгдэж чадсаныг харуулсан.

    Монгол Улс эв нэгдлийг харуулж чадлаа. Засгийн газрын бүхий л шийдвэр, үйл ажиллагаа нэгдмэл байдлаар явагдаж, халдварын эсрэг хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарууд хамтран оролцож хувь хүн, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг бүх нийтээр даган мөрдөж байна.  

    Одоо ирээдүйгээ бодож, бэлтгэх цаг. Дэлхийн хэмжээнд хөгжингүй болон хөгжиж буй 215 улс оронд 4 сая гаруй хүн “COVID-19”-ийн халдвар аваад байна. Энэ шинэ өвчний улмаас олон хүн харамсалтайгаар амиа алдаж байна. Гэсэн хэдий ч Номхон далайн баруун бүсэд БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улс орнууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.  

    Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр өвчний цаашдын тархалтыг зогсоох, “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд олон нийт, хувь хүмүүс амин чухал үүрэг гүйцэтгэнэ. Олон нийтийн дунд зай барих, халдвараас сэргийлэх хөдөлгөөн хязгаарлах гэх мэт үйл ажиллагааг урт хугацаанд хэрэгжүүлэх нь олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохыг бид ойлгож байна.

    Хүмүүс цар тахал гарахаас өмнө ямар байсан тэр байдалдаа эргэн очихыг хүсэж байгаа ч үр дүнтэй вакцин, эмчилгээний арга нэвтрэх болон цар тахал зогсох хүртэл бид бүхэн өнөөгийн "шинэ-хэвийн" нөхцөл байдалтай эвлэрэх хэрэгтэй. Хүн бүр гарын болон амьсгалын эрүүл ахуйн дэглэмийг сахиж, олон нийтийн газарт бусдаас зай барих гэх зэрэг хувийн хамгаалах арга хэмжээг сахих шаардлагатай. Үүнээс гадна нөхцөл байдлаас хамаарч олон нийтийн арга хэмжээ, цуглаан, хөдөлгөөн хязгаарлах, хөл хорих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.

    Хүмүүсийн дунд цуурхал, буруу ойлголт нэмэгдсээр байгаа нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, МХЕГ, үндэсний болон олон улсын байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлт, эрүүл мэндийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрийг үгүй ​​хийж болзошгүй учраас би өнөөдөр энд байна.

    Дархлалын тогтолцоо биднийг эрүүл байх, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэвч энэ нь бид бүхэн бүрэн хамгаалагдсан, аюулгүй гэсэн үг биш. Одоо мэдэгдэж байгаагаар өмнө нь “COVID-19”-ээр өвдсөн хүн дахин өвчлөх эрсдэлтэй байна.

    Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал маш олон хүчин зүйлээс, тухайлбал өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэгжүүлж буй үйлдэл, дадал, зуршлаас шалтгаална. Таны хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн таныг биш, таны гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон нийт хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулж, аюулгүй байхад хувь нэмэр оруулдаг. 

 Зун цаг ирж буй учраас та бүхнийг амарч, гадуур гарч, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ уулзан цагаа өнгөрүүлэхийг хүсэж байгааг ойлгож байна. Гэвч цар тахал үргэлжилж байгаа, шинэ тохиолдлууд дахиж нэмэгдэх эрсдэлтэй энэ үед сонор сэрэмжээ бууруулж болохгүй.

    Миний зүгээс хүн бүрийг “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд хувь нэмрээ оруулан, эрүүл мэндийн ажилтнууд болон цар тахалтай тэмцэн ажиллаж буй хүмүүст дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

    Та бүхэн сонор сэрэмжээ сулруулахгүй байж, гараа тогтмол савандаж угаах, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, зөв эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, хоруу чанартай архи тамхи хэрэглэхээс зайлсхийх, бусад хүмүүсээс зай барих болон олон нийт цугласан газраар явахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй.

    Монгол Улсад томуугийн дэгдэлт жил бүрийн 11 дүгээр сараас 12 дугаар сард гардаг бөгөөд “COVID-19”-ийн халдвар Монгол Улсад аль хэдийнэ дэгдээд өнгөрсөн тухай цуурхал гарч байгаа. Энэ нь цуурхал төдий бөгөөд шинжлэх ухаанд суурилсан нотолгоо баримт биш юм. Бидний мэдэж байгаагаар “COVID-19” шинээр нээгдсэн коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд  2019 оны 12 дугаар сард анх бүртгэгдэж, бид мэдээлэлтэй болсон.

    Цуурхал, ташаа мэдээлэл нь хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг эрсдэлд оруулах аюултай учраас Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Бид аль хэдийнэ буруу ташаа мэдээлэл ямар хор уршиг тарьж болохыг харсан. Зарим хүмүүс өөрсдийгөө дархлаатай гэж бодон өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулж байна.

    Тиймээс та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллийг авч, цаашид “COVID-19” халдвартай адилхан хор уршиг авчирч болохуйц цуурхал, ташаа мэдээллийг түгээхгүй байх замаар “COVID-19”-тэй тэмцэхэд тусална уу.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 98 тохиолдол бүртгэгдээд байна. Хэрэв бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол хүн амын дунд халдвар тархаж, бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүргэх юм. Иймээс бид өндөр эрсдэлтэй хэвээр байна.

    Халдвараас сэргийлэх вакцин, эмчилгээ гартал, одоогийн хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Энэ нөхцөл байдал бид бүгдэд хамааралтай бөгөөд бид зөвхөн ХАМТЫН ХҮЧЭЭР даван туулж чадна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Cайжруулсан зууханд хагас коксон түлшээр галлагаа хийх заавар  Г.Баясгалан энгийн уламжлалт зууханд хагас коксон түлшээр галлагаагаа хэрхэн хийдэг талаар хуваалцлаа  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.22  Зөвлөгөө: Угаарын хий мэдрэгч дуугарах нь танайд угаар ялгарч байгааг илтгэнэ  Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.21  Зөвлөгөө: Энгийн зуухны галлагаа  Агаарын чанарын мэдээ: 2025.10.20  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.