Л. ТҮДЭВ ба О.ДАШБАЛБАР

1999 оны намар, аавынхийг Улиастайгаас нүүлгэж Шар хадны энгэрт ахын хашаанд гэрийг нь барьж өгөв. Оройхон, цагаан гэгээ тасарч байсан үесэн. Би ахын ачааны тэрэг авч, ойрмогхоноос нэг машин хайрга татаад, аавын гэрийн хаяаг манаж зогстол аав гэр дотроос дуудаж байна. Аав маань оросын нэг хуучин радио хүлээн авагчаасаа салдаггүй хүн байлаа. Хүрзээ гэр түшүүлж орхиод орвол, дэргэдээ радиогоо тавьчихсан, өнөөхөөр нь нэг л их гунигтай ая хангинана. Дууг нь байдгаар нь чангалчихаж.
- Хүү, энэ нэг л юм болохгүй болчихож, удахгүй дахиад хэлнэ. Чи чагна даа гэлээ.
Яг жилийн өмнө Архангайн Тоглохын талд, Тамирын голын хөвөөнд С.Зориг агсныг нас барсан тухай мэдээг бас л нэг тийм радио хүлээн авагчаар сонсоход мөн нэг ийм хангинасан гунигтай ая дагалдаж байж билээ. Төд удалгүй “УИХ-ын гишүүн, яруу найрагч Очирбатын Дашбалбар.... нас барлаа” гэж мэдээлэв. Аав “Хайран хүү” хэмээн шогширч, миний дотор нэг л юм бөглөрөөд гэрт тогтож сууж чадалгүй гадаа гарч, гэрийн баруун хаяанд манаж байсан хайрган дээрээ гэр налаад удаан сууж билээ. Салхи жавар хаах юмгүй болчихсон мэт, хоосроод... Ядахдаа тэр үдэш нэг тийм жихүүндүү салхитай.
Түүнээс нэлээд өмнө санагдана. Төрийн ордон орчихоод гарч явтал баруун хаалган дээр Дашбалбар багш их дэл үсээ сэгсэрсээр яг халз тулчихав. “Буцаад... манай өрөөнд” гэж намайг командлан дагуулаад өрөө рүүгээ явлаа.
Шат өгсөх завсраа “Муусайн гөлөгнүүдээс заргаа авлаа. Сая шүүх хурал тарлаа. Хэдэн сар ёстой шар махтайгаа хатчихаа шахав. Гөлөгнүүдэд одоо үзүүлээд өгнө өө” л гэж байна. Нэг хүүхэн хүчиндэх гэсэн ч билүү, нэг тийм мэдээ шар сонинуудаар гарч, бөөн хэл ам болсон юмдаг. Хэрвээ тэр үед өнөөгийнх шиг сошл байсан бол Дашбалбар агсныг ёстой үе мөчөөр нь жиргээд жиргээд, дахин сэхэл авахааргүй болгоод булаад, гишгэчээд дэвслээд хаячих байсан биз. Тэр өглөө болсон шүүх хурлаас О.Дашбалбарыг хүүхэн хүчиндэх гэж завдаагүй болохыг нь бататгаж, нэр төрийг нь сэргээсэн байж. Хэдий шүүх хуралд ялсан ч ялсан хүний шинжгүй, нэг л зовиуртай, царай дарчихсан.
УИХ-ын гишүүнийх нь өрөө Төрийн ордны гурван давхарт байв уу, сайн санахгүй байна, юутай ч хоёул өрөөнийх нь үүдэнд ирвэл хаалга нь түгжээтэй, туслах нь ирж амжаагүй байж. Өөрт нь тэгэхэд түлхүүргүй байж таарсан юм байлгүй. Хонгилын нэг хүнхээлд арьсан диван байдаг юм. Тэнд суугаад, “Аль энэ хүзүү толгой бариадах” гэж байна. Өмнө нь ядарсан үедээ хааяа нэг мөр хүзүүгээ базуулаад, гар чангатай, бас гартаа юмтай, бариач болно шүү гэж намайг хөөргөх. Хүзүү шил нь хүйтэн наалданги хөлстэй. Төрийн ордны коридорт хоёул толгой түрүүгээ барилцсан шиг. Хааяа нэг хүн хонгилоор өнгөрөхдөө бид хоёрыг харан жуумалзана. Хэсэг бариулаад,
- За овоо, овоо. Нүд онгойх шиг болов гээд энгэрийнхээ халааснаас 05-ийн савтай тал ус гаргаж надад өгч байна.
Би ус уумааргүй байсан тул, “Болно болно” гэвэл, “Балга” гээд таглааг нь аваад тулгав. Үнэр нь сэнхийгээд явчихав. Усны саванд хатуу идээ хийчихэж. Аваад хоёр гурав балгаад өглөө. “Ажилтай юу? Одоо яв яв” гээд буйданг налаад, аравчин дээр нь гараа алдлан тэгнэж тухлаад авав. Түүнээс нэлээн хэд хоногийн хойно Дашбалбар багш эмнэлэгт хэвтсэн сураг дуулдав. Бас хэдхэн хоноод эхнэр “Багшийн бие их тааруу байна гэнэ. Пагма бид хоёр эргээд ирье” гээд найз яруу найрагч Пагмаагийн хамт II эмнэлэг явсан юм. Оройхон хачин царайлчихсан ирсэн. “Муу байна, бид хоёртой бараг л салах ёс хийчих шиг боллоо” гээд. Маргааш нь би аавынхийг нүүлгэж таарсан нь тэр. Нүүлгэчихээд нэг эргэх л юм бодож байв. Би ч алмай талдаа. Гэвч дахиж уулзсангүй. Надад яг л өнөөх диван налаад суусан тэр дүр төрхөөрөө үлдэж.

Багш маань хурц омголон хүн. Чухам яруу найрагч гэж ямар байх ёстойг ямар нэгэн хичээл зүтгэлгүйгээр ёстой буй байдгаараа харуулдаг байлаа. Хийморьлог, золбоолог, хурц омголон. Эмзэг мэдрэмтгий, эрэмгий зоримог. Гэнэн цагаан, гэгэлгэн уянгалаг. Хүнийг өөртөө татах ер бусын увидастай. Хурц омголон хийгээд гэнэн итгэмтгий зан нь тэр цаг үед ямар нэгэн асуудалд хутгаж орхих эрсдэл ихтэй байж. Үзмэрч Дашцэрэн, фашистын дүрэмт хувцас гээд л... Тиймээс нөхөд олон ч бас дайсан цөөнгүй.
.
Дашбалбар багш маань олон хүнийг хүндэлдэг ч нэг хүнийг онцгой бишрэх. Тэр нь Л. Түдэв гуай. Түдэв гуай харин сэхээтэн хүн гэж ямар байхыг ямар нэгэн хичээл зүтгэлгүйгээр бүхий л талаараа харуулдаг хүн. Хийгүй, алдаагүй, амьдралынх хэвшил хүртэл тодорхой, нарийн чанд. Бүр “Түдэв маягийн аж төрөх ёс” ч гэж бий. Цагийг яс барина. Нэг минут секундыг ч дэмий сул өнгөрөөхийг цээрлэнэ. Манай уран бүтээлчдэд нийтлэг байдаг архи дарс, элдэв зугаа цэнгэл, дэмий сул явдлаас ямагт тойрно. “Цаг хожих ганцхан л арга байдаг. Тэр нь богино хугацаанд их юм хийх арга” гэнэ. Түүнийхээр бол нэг монгол хүн хэдэн хүний хийх үүргийг гүйцэтгэж, ачааг үүрэх ёстой. Тэгэж байж цөөхөн бид тэснэ, хөгжинө. Өөрөө ч хэрхэн яаж ачаа үүрэхийг бүх амьдралаараа ард түмэндээ үлгэрлэсэн. С.Удвал гуай “Нэг хүний насан турш хийх ажлыг энэ Түдэв хэдхээн жилд амжуулчихдаг” гэж дуу алдаж байхав.
Эрхэмсэг гэдэг үг чухам жинхэнэ утгаараа Л.Түдэв гуайд тохирно. Учир нь түүний бүхий л туулсан амьдрал эрхэмсэг байж.
Түүнтэй холбоотой домог шиг олон яриа бий. Төрийн шагналаа аваад найр хийж. Зохиолч нөхөд бөөгнөөд л очиж. Гэтэл хоол ундаар баахан шахаад, нэг нэг ном тэврүүлээд гаргачихаж. Нэг ч хундага юм хялайлгасангүй. Нөгөө хэд нь үүдэн дээр нь гараад үгээ барцгааж. Хахир харамч л гэж, зовлон ойлгодоггүй л гэж, хуурай хөгийн л гэцгээж. Гэтэл нэгнийх нь номын завсраас бор халзан зуутын дэвсгэрт унаад орхив. Бусад нь сандраад тэвэрсэн номнуудаа үзтэл бүгдийнх нь завсарт зуутын дэвсгэрт хавчуулчихсан байжээ. Тэр үед шил архи 20 гаруй төгрөг. 4 шилийн мөнгө.
Түдэв гуайн тухай би олныг дурсаж болох ч эхлэл төгсгөл хоёрыг нь л бичие.
1976 билүү, 1977 онд юмдаг. Хавар байсан санагддаг. Аав намайг дагуулаад Хотын төвд нэг айлд очив. Аав дагуулах ч юу байхав, би аавыгаа яг л гөлөг шиг салахгүй дагадаг байсан хэрэг. Автобуснаас буухдаа Ард кино театр, суухдаа 4-р дэлгүүрийн үүднээс суусан юм. Ардад кино үзсэн, 4-р дэлгүүр орчимд нэг цагаан хоолны гуанзанд нэг хоёр удаа хоол идсэн учир тэр хоёрыг бол мэдээд байгаа. Тэгэхээр очсон айл маань энэ хооронд л байсан юм болов уу даа, сайн мэдэхгүй юм. Би сургуульд ороогүй. Тэгээд хаалган дээр нэг өндөр цагаан хүн аавтай мэндлээд, нэг хоёр үг ярьж түр зогссон юм. Гарч яваад таарсан байх. Тэгэхдээ миний толгойг нэг илээд авсан. Цааш ортол нэг жижигхэн, хөнгөлүүн самган. Ахай ижий болоод аав тэр хоёр их сүрхий уулзаж байна. Золгож ч байх шиг. Би ч яахав, нэг зурагтай сэтгүүл хараад ухаан алдчихсан. Тэдний юу ярьж байсныг огт санахгүй, бүр анзаараа ч үгүй.
Хожмоо санахад тэр үүдэнд таарсан өндөр цагаан хүн Түдэв гуай, тэр хөгшин ээж нь байж. Нэг нутаг усны хөгшдөд ярьж хөөрөх юм байсан л хэрэг. Түүнээс хойш олон жил өнгөрч. Хамгийн сүүлд Явуугийн хөшөөний дэргэдэх сандалд хоёул жаахан суулаа. Хавар, улиас гөлөглөж байсан цаг. Би хөдөө нутгаараа явсан сониноо дуулгав.
- Ар голын Цацат, Бааюугаар айл өвөлжиж байна уу?
- Өвөлжинө өвөлжинө. Шургааган хашаа бариад өвөлжиж байгаа.
- Голынхоо хэвд үү?
- Тийм.
- Миний багад тэр голын хэвд чинь айл өвөлжих аргагүй битүү мөсөөр дүүрчихдэг байлаа. Айлууд тэр хойт завсарт нь өвөлждөг байсан юм. Голоор мөсний жавар хангиад чөтгөр ч тогтоох аргагүй болчихно.
- Өө, одоо юун мөсөөр дүүрэх, ус нь ч хэд тасарчихсан.
- Хмм. Дарь эхийн голын ус хэр байна.
- Ямар Дарь эхийн гол?
- Хэ хэ, Дарьхинтийн голын нэр нь шүү дээ. Дарь Эхийн гол явсаар Дарьхинт болчихсон хэрэг.
- Өө, тийм үү?
- Хойт тал нь Ширээ, Урд тал нь Өндөрмөс, баруун тал нь Ханхар, Гурван Уст хүртлэх уудам их газар нутгийн гол уснууд нийлээд 99 булаг шанд Дарь Эхийн голд цутгадаг юм.
- Нээрээ тийм юм байна. За тоолоод үзвэл бараг 99 хүрэх олон салаа, жалга байгаа шүү. Та дээр уусан мал амьтан бүгд үхчихдэг Үхлийн ус гээд ярьж байсан. Би хайгаад олсонгүй. Нутагт түүнийг мэддэг хүн ч алга. Яг хаана байдаг юм бэ?
- Хүнхэр, Могойн даваа хоёрын дунд ирмэгт л байдаг. Их нууцхан газар бий. Одоо би яг тэнд гэж хэлж чадахааргүй. Очвол нэг баримжаа хэлэх байх.
Хэнд ч хэрэггүй мэт ийм аар саархан зүйл ярилцан сууж. Гэвч хэн хэнд маань хэрэгтэй л байсан хэрэг. Нутагтаа очилгүй хэдэн жил болсныг нь би мэдэхгүй, зүрхэлж асуугаагүй. Миний л таамаглаж байгаагаар 93 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш очоогүй. “Үнэн” сонинд байхад орж гараад бишгүй юм асууж лавлах боломж байсан ч тэр үед тэгэх сөгөө байсангүй. Харин хожим юм асуумаар санагдах болсон үед Түдэв гуай надад санаснаар минь олдохоо байчихсан.
Олон жил нутагтаа очоогүй гэхэд газар орны байц, нэрсийг маш сайн санана. Тэгээд Явуугийн хөшөөний дэргэдээс салахдаа, “Надад одоо цаг хугацаа маш бага үлдсэн байна. Гэтэл бичих юм маш их. Залуугийнх шиг эрч хүчтэй бичиж чадахгүй юм. Залуудаа нэг өдөрт бичдэг байсан зүйлийг хэдэн өдөр, сараар бичиж байна” гэв. Тэгээд бөгтийж өгцийсөөр зөөлөн зөөлөн гишгэсээр явж одов. Булан тойртол би сандал дээр араас нь харж суусан. Олон юм асуумаар байсан ч боломжгүй болж байгаа гэдгийг тэгэхэд ойлгосон. Түүнээс хойш уулзах гэж наана цаана болсонгүй. Нэг утсаар ярьсан, бас нэг удаа нутгаас ирсэн жаахан айргийн тос, ганц годгор савтай шимийн юм, жоохон бондгор арвайн гурил, бас өнөөх тэнэж тэнэж хийсэн зургийнхаа альбомыг охиноор нь дамжуулж өгсөн. Манай нутгийн хөх тарианы гурил онцгой л доо. Нутгийнх нь үнэр, шим шингэсэн юм гэж бодсон хэрэг. Ингээд нэг их амьд судар өмнө минь хаагдаж байгааг гадарласан. Ядахад л өнөөх Үхлийн ус хаана байдгыг хэн ч мэдэхгүй өнгөрөв. Тэр усны тухай яриа одоо домог л болно.
Харин өнөө өөрөө домог болохоор явчихаж. Тэнгэрт одохдоо хүртэл чимээгүйхэн явчихав. Уг нь аль 10 хоногийн өмнө явчихсан байж. Мөн гурав хоногийн өмнө оршоочихож. Энэ өвчин зовлонтой үед олон бужигнах вий гэсэн болов уу. Өөрөө энэ бүхнээ чанд гэрээслэн, хэдийнэ зохицуулчихаж. Өнөөх бичиж дуусгах юм аа дуусгаж амжаа болов уу гэж бодогдох. Үгүй л болов уу, яагаад гэвэл тэр дэндүү ихийг мэддэг, бас сэтгэдэг. “Дал” сониныхоо ээлжит дугаарыг хийж байгаад дуусгаж амжаагүй гэнэ. Бие хөгширсөн ч оюун ухаан тэтгэвэртээ гардаггүйг нотолж, тасралтгүй бичсээр л байсан.
Хэдэн жилийн дараагаас энэ хүний тухай олон домог ярьдаг болно. Ард түмэн чухам тийн домоглож байж л зүрхнийхээ гүнд хадгалдаг жамтай. Ринчен гуайн тухай олон домог байдаг шиг л... Тэртээ 21 жилийн өмнө Дашбалбар багшийг өнгөрсөн тухай сонсоод бүрий үдшээр жихүүн салхин дор, нойтон хайрган дээр гансраад сууж байсан тэр мэдрэмж яг давтагдаж байна. Оюун санааны ертөнцөд нэг түшиг, нөмөргүй эзгүйрчихсэн мэт. Тэгээд л энэ хоёр хүнийг холбож дурссан хэрэг.
Б.Номинчимэд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.