Хэлмэгсдийн музейг НУРААХЫГ ХОРИГЛООГҮЙ атлаа оронд нь ОФФИС БАРЬ гэж ажлыг нь ЗОГСООСОН УУ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Учир нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” төрийн бус байгууллагаас Хэлмэгсдийн музейн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэнд уг асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл  барилга  барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлжээ. Иймд түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын албаныхан дээрх шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан” төрийн бус байгууллагын захиалгаар барьж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас одоо дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа. Эл барилга анх музей конторын зориулалтаар зураг төслийг нь хийсэн боловч үүнийг өөрчилж 22 давхар орон сууц, үйлчилгээний зориулалтаар барихаар ажлын зураг хийсэн байна” гэв.

Мэргэжлийн хүний тайлбараас үзэхэд Хэлмэгсдийн музейг нураасанд бус барилга барих зөвшөөрөлгүй, суурин дээр нь барих барилгынхаа зураг төслийг өөрчилсөн явдалд хариуцлага тооцож байгаа бололтой. 

Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь  “Хэлмэгсдийн музей”. Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан юм. Хэлмэгсдийн музейн газар  П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.