Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг спорт цогцолбор нь хоёр давхар, нийт 2448 м.кв талбайтай. Нэгдүгээр давхарт усан бассейн, хувцас солих болон шүршүүрийн хэсэг, эмч, багшийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шийдсэн бол хоёрдугаар давхарт олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спорт заалтай юм.

Спорт цогцолборыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “1990 оноос хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрчимтэй явагдаж, өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй суурин хүн ам 1.8 сая болсон. Хүн амын өсөлтийг дагаж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудал тулгамдсаар ирсэн. Харин энэ жил нийслэл Улаанбаатар хотод шинээр 100 орчим сургууль, цэцэрлэг баригдаж байна. Эдгээр сургууль, цэцэрлэг цаад тал нь 2028 онд баригдаж дуусахад ойрын хугацаанд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй болно. Дараагийн жилүүдэд бид сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарна. Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт, сургалтын чанарт анхаарах ёстой. Үүний тод жишээ болж, Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль Улаанбаатар хотдоо усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль болж байна. Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 37 болон 39 дүгээр сургуульд адилхан спорт цогцолбор баригдана” хэмээн онцоллоо.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан. Онооны самбар, цаг тоологч бүхий дөрвөн самбарын тоолууртай, доргио шингээгчтэй шал, дуу шингээх зориулалттай акустик хавтангаар хийсэн ханатай, заалны тоглогч мөргөх эрсдэл бүхий хэсгүүдэд зөөлөвч хийсэн зэрэг онцлогтой. Уг спорт цогцолборыг “Гэрэлтжин” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн юм.

Стандартад нийцсэн спорт цогцолбортой болсноор сурагчид илүү тохилог, аюулгүй орчинд сургалт, бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна. Энэ талаар нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн “23 дугаар сургууль 3100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг явуулж байна. Улсын сургуулиудад анхдагч олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолбортой болсноор сурагчид маань спортоор шамдан хичээллэх боломж бүрдлээ. Ажлыг гүйцэтгэсэн компани, санаачилсан хүмүүст талархал илэрхийлье. Бид энэ зааландаа удахгүй сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулна” гэлээ.

23 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Д.Бархас “Манай сургууль иж бүрэн спорт цогцолбортой болж байгаад баяртай байна. Би сагсан бөмбөгийн тамирчин болохыг хүсдэг. Шинэ, орчин үеийн зааланд бэлтгэл сургуулилтаа хийж, хөгжих боломжтой боллоо” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.