УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.07.09)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа нарын өргөн мэдүүлж, нэгтгэсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн нэг, анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, мөн Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн төслийн зүйл, хэсэг, заалт өөр хоорондоо эсхүл бусад хуультай зөрчигдсөн талаарх хууль зүйн дүгнэлттэй холбоотой зургаа, нийт долоон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Тус Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Улсын Их Хурлын хуралдаанд худал мэдээлэл ирүүлэх, буруу ташаа мэдээлэл танилцуулах тухай асуудалд зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанд гэж заасныг дурдаж, үүнд Байнгын хорооны хуралдааныг оруулах боломж бий эсэхийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хянан шалгах түр хороог Улсын Их Хурал дахь сөрөг хүчний гишүүдээс даргалах тухай зохицуулалт бол ямар ч үр дүнгүй ажилладаг, хэн нэгэн Улсын Их Хурлын гишүүн, дарга, сайд нарын хүн очиж, ашиглаж завшдаг байдлыг засаж залруулах ач холбогдолтойг тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Ёс зүй, дэгийн байнгын хороо өнгөрсөн хугацаанд төрйн албан хаагчийн ёс зүйн асуудалд анхаарал хандуулж, үр дүнтэй ажилласан талаар танилцууллаа.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав. Ингээд батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уншиж танилцуулав. Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар баталлаа.

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үүнийг дараа явуулав. Тогтоолы төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцууллаа. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу шинэ тойрог зам буюу “Нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд авах 260.3 сая ам.долларын зээлийн 85.0 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлснийг тэрбээр дурдаж, хүсэлтийг Сангийн яам судлан тогтоолын төсөл боловсруулсныг танилцууллаа. Баталгаа гаргуулагч болон төсөл нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудын бүрэн хангаж байгаа гэж Сангийн яам үзсэн боловч эрсдэлийн түвшнийг “дундаж” хэмээн үнэлсэн байна. “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжуудын түгжрэл дунджаар 20.0 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар өснө гэж тооцож буйг Сангийн сайд онцлов.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгосноор замын хөдөлгөөний түгжрэл, алдаж байгаа цаг хугацаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж Засгийн газар үзсэн байгааг тэрбээр танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Ц.Мөнхбат, Дав.Цогтбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эдийн засаг, нийгмий нөлөөлөл, ач холбогдол, зээлийг эргэн төлөх нөхцөл, эрсдэл, үр өгөөжийн тооцоо, олон нийтэд асуудлыг хэрхэн таниулсан, дараа дараагийн жилүүдэд авах зээлийн хэмжээ, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төрөл, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах цар хүрээ, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын оролцоог хангах, дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртгийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлэх 15.0 хувийн санхүүжилтийн боломж ямар байгааг болон шаардлага хангасан аймгууд бонд гаргахыг Засгийн газар хэрхэн дэмжиж байгаа зэргийг асууж, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбох юм.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.