УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс 1924 оны Анхдугаар Үндсэн хуулиар “Тус улсын харъяат ард түмэн эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” хэмээн тунхагласан нь  1940, 1960 оны үндсэн хуульд мөн адил хадгалагдаж, 1992 оны шинэ үндсэн хуульд ”хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” хэмээн шинэ утга агуулгаар баяжуулан хуульчилсан.

Монгол Улс нь 1995 онд Бээжин хотноо чуулсан дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас дэлхий дахинаа дэвшүүлсэн эмэгтэйчүүд, охидын эрхийн асуудал, нийгмийн хөгжил дэх жендэрийн тэгш оролцоо, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд хамтын түншлэл чухал үүрэгтэй гэдэг үзэл санааг хүлээн авч,  үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хуульчлах, ялангуяа эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэхийг хуульчлан тусгасан. 

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах харилцааг зохицуулсан, түүний хэрэгжилтийг хангах механизмыг тусгасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуулийг баталсан. Тус хууль нь Ази, номхон далайн бүсэд бие даасан хуультай болсон анхдагч улсуудын нэг байсанг энд онцлон тэмдэглэе.

2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрт Жендэрийн тэгш байдлыг хангах зорилгыг дэвшүүлж, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх ашигт нийцүүлэн хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр тунхаглан баталсанг парламентын үйл ажиллагаанд тусган дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний 4 дүгээр зорилгод Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, сонгох, сонгогдох эрхийг бэхжүүлэх, хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ гэж заасан. Ийнхүү хүний эрх, жендэрийн асуудлаар парламентэд өгсөн санал зөвлөмжийг цаашид анхаарч ажиллахаа илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо 2022 онд  “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх чиглэлээр өөрийн үнэлгээг зохион байгуулсан олон улс дахь анхны парламент болсон бол жендэрийн мэдрэмжийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан 13 дахь парламент болсон онцлогтой юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллага болох   УИХ-ыг сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь бидний хамтын ололт, амжилт юм. Монгол Улсын Их Хурал Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш хууль тогтоомжид жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлж тусгаж, хуулийн зарчим, агуулгыг салбарын хуулиудад тусгахад томоохон ахиц дэвшил гаргаж байна.

Хүндэт зочид оо,

Цаашид Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх төдийгүй судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй бөгөөд Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиуд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой нэгдмэл, салшгүй холбогдож байх учиртай.

Нийгмийн хөгжлийн орчин цагийн хэрэгцээ нь хувь хүний эрхийг хүндэтгэх, ялангуяа хүнийг аливаа хэлбэрээр алагчлан үзэх, түүний дотор хүйсээр алагчлах явдлыг арилгах буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш эрх, тэгш байдлыг тогтооход чиглэгдэх шаардлагатай. Иймд Үндсэн хуулийг дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёсыг  УИХ-ын танхимаас эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Төгсгөлд нь, Монгол Улсад жендэрийн тэгш байдлын асуудлаар идэвхтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон иргэний нийгмийн болоод төрийн бус, олон улсын байгууллагуудад талархлаа илэрхийлье. Бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахын тулд амжилттай хэрэгжиж буй үйл ажиллагаа, сайн туршлагаа өргөжүүлэн дэлгэрүүлж, батжуулан ажиллахуйц ирээдүйг бүтээгч хамтын хүч байж чадна гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэнд ойн арга хэмжээнд өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.