Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг өнөөдөр баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой стратегийн бүтээн байгуулалт юм. Тус станц нь 2х150 МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ. Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу шат дараатайгаар зохион байгуулагдсан.

Урьдчилсан шалгаруулалтад найман аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илэрхийлснээс дөрвөн ААН санал ирүүлж, тэдгээрээс “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэйшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК гэсэн гурван компани шаардлага хангасан. Дараагийн шатанд “Митайм Интернэйшнл” ХХК болон “Шунхлай Холдинг” ХХК уралдаант шалгаруулалтад оролцож, төслийн саналаа ирүүлсэн. Холбогдох үнэлгээгээр “Митайм Интернэйшнл” ХХК нэгдүгээрт, “Шунхлай Холдинг” ХХК хоёрдугаарт эрэмблэгдсэн юм. Үнэлгээний дүнг үндэслэн эрэмблэгдсэн оролцогчтой гэрээний хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан, өнгөрсөн есдүгээр сарын 4-нөөс эхлэн хэлэлцээг зохион байгуулж, есдүгээр сарын 25-нд гэрээний төслийг харилцан тохиролцсон. Ийнхүү НИТХ-аас гэрээ байгуулах эрхийг олгосноор төслийн хэрэгжилтийн бодит ажил эхлэх нөхцөл бүрдлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай энэхүү төслийг ил тод, олон нийтэд нээлттэй байдлаар хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэхийг онцолж, “Дулааны тавдугаар цахилгаан станц бол зөвхөн нэг станц бус, Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх томоохон төсөл” гэдгийг тодотгов.

ДЦС-5 төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.

Энэхүү төсөл нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн бодлоготой бүрэн уялдсан. Эрчим хүчний салбарт байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай технологийг нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж буй. ДЦС-5 төсөл нь зөвхөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах төдийгүй Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх суурийг тавьж, цаашид эрчим хүч, тээвэр, ус хангамж, хог хаягдлын менежмент зэрэг бусад дэд бүтцийн мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх зүйн болон институцийн шинэ боломжийг нээж байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монель орчимд ажиллалаа  Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.