Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тус авто замын ажлын гүйцэтгэгчээр "Фючер Прогресс" ХХК ажиллаж байна.
Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Замыг засаж, шинэчлэхдээ 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барина. Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Тиймээс зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргаж зохицуулалт хийнэ. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хааж, засвар шинэчлэлтийг хийнэ. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.
Авто замын ажлыг гүйцэтгэгч "Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" гэлээ.
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замд замбараагүй орц, гарц гаргаж, шуудууг эвдсэнээр ус ихээр тогтдог болсон
НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Өвөр гүнтийн замыг энэ жил ийнхүү шинэчлэхээс гадна 2024 онд тус замын намагтай хоёр хэсэг газарт 1.5-2 метр гүнд суурь сольсон. Тус замын эвдрэлийн гол шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн учраас ус тогтдог болсон байсан. Тиймээс бид одоо эхэлж буй засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Мөн шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500-700 метр ус зайлуулах хоолойг хийхээр төлөвлөөд байна" хэмээн тодотгов.
Сэтгэгдэл бичих хэсэг