УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцээд байна.
2023 онд гурилын үнэ огцом нэмэгдэж, 2021 оныхоос 76 хувиар өссөн нь дотоодын гурилын 9 компани үгсэн хуйвалдах замаар үнээ шалтгаангүй нэмсэн гэдэг дүгнэлтийг ШӨХТГ-аас гаргасан. Харамсалтай нь гурил үйлдвэрлэгчид шүүхийн хаалга татаж явсаар уг асуудал замхраад байсан юм. Тиймээс өнгөрсөн жил Засгийн газраас импортын татварыг тэглэснээр ОХУ-аас хямд гурил орж ирэх боломж бүрдэж, хэрэглэгчдэд сонголт бий болсон билээ.
Харин одоо уг хуулийг хүчингүй болгуулах асуудлыг УИХ хэлэлцэж байна. ХХААХҮ-ын сайд Ж.Энхбаярын мэдээлснээр, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудаа хамгаалах ёстой бөгөөд үнэ нэмэгдэх нь чухал биш гэдэг тайлбарыг өгсөөр байгаа юм. Харин иргэдийн хувьд өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед ядаж гурилаа хямд хэрэглэх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын мэдээлснээр, өнгөрсөн жилүүдэд гурил үйлдвэрлэгч компаниудад 212 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэтэл үнээ 76 хувиар нэмж, иргэдэд ачаа үүрүүлснийг буруутгаж байна. Цаашид гаднаас хямд гурил орж ирэх боломжийг хааснаар гурилын үнэ улам нэмэгдэнэ гэдгийг хэллээ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, уг хуулийн төслийн санал хураалтыг маргааш өглөө явуулахаар боллоо.
Сэтгэгдэл бичих хэсэг