Боловсролын яам, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар хамтран Суралцагч хот-Хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Насан туршийн боловсрол, хотын тогтвортой хөгжлийг ахиулах үндсэн зорилт болох ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд тусгагдсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэхэд дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй хоёр өдрийн сургалтад “Суралцагч хот Баянгол баг”-ийнхан буюу Баянгол дүүргээс Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа, дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид болон дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийнхөн оролцож байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Насан туршийн суралцахуйг дэмжих "Суралцагч Баянгол" арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн тасралтгүй суралцах тэгш боломж бүрдүүлнэ" гэж тусгасан бөгөөд Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын эгнээнд нэгдэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн юм. Тэгвэл энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Ингэхдээ “Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийсэн. 2025 оны төсвийг батлахдаа 40 гаруй хувийг мөн л боловсрол эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгасан бөгөөд энэ чиглэлээр олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүх ажил манай дүүрэг ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн үг” гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл бичих хэсэг