
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг энэ жил Баянгол дүүрэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил, хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хариуцсан дарга Д.Мөнхбаатар, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, нийгмийн ажилтнууд, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг ААНБ болон бусад ААНБ-ын төлөөлөл болох 300 гаруй хүн оролцлоо.

Арга хэмжээг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хариуцсан дарга Д.Мөнхбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр “Жил болгоны дөрөвдүгээр сард Монгол Улс болон дэлхий нийтээрээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхаарч, хууль тогтоомж, тогтолцоо хяналт сайжруулалтын талаар ярилцдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцооны талаар Баянгол дүүргийнхээ нийгмийн салбарын ажилтнуудын мэдээллээр хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ч утгаараа Баянгол дүүрэг бусад дүүргүүдээ манлайлан ХАБЭА-н чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг, аяны арга хэмжээнд оролцож байгаа та бүхэндээ уриалж байна” гэсэн юм.

Түүнчлэн өнөөдөр зохион байгуулсан арга хэмжээний үеэр өнгөрсөн онд Хөдөлмөрийн яамнаас зарласан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2024” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгарсан Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Трансвест Монголиа” ХХК, 198-р цэцэрлэг оролцож сайн туршлагаа хуваалцлаа. Мөн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг болон барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа ААНБ-ууд, Улаан загалмайн хорооны эрүүл мэндийн анхан шатны тусламжийн талаарх ойлголт мэдээллийг оролцогчдод өглөө.

Баянгол дүүрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд дүүргийн хэмжээнд 10 гаруй ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.










Сэтгэгдэл бичих хэсэг