П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим  зүйлийг асууж тодрууллаа.

-Монгол Улс  өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа.

-Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно.

Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хаант засгийг бүгд найрамдах засгаар солино гэдэг нь  өөрөө Монголын нийгэмд цоо шинэ үеийг нээж өгсөн хэрэг.

Харин 1940 онд баталсан Үндсэн хуулиараа Монгол Улс хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгон хөгжих зарчмаа тунхагласан юм. Тухайн цаг үедээ шилжилтийн сонин, өвөрмөц хууль болсон гэж боддог. Үргэлжлүүлээд 1960 онд баталсан Үндсэн хуулиараа социализмын замаар замнах зарчмаа тунхагласан хэрэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа социализм байгуулах зорилтыг дэвшүүлж тавьсан. Хөгжлийн өвөрмөц шилжилтийг агуулсан ач холбогдолтой хууль байсан гэж тухайн үедээ үнэлэгдэж байсан юм.

1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох том зорилтыг дэвшүүлсэн. Ямар нэгэн социализм байгуулах,  нийгэм журмаар дэвших гэх мэтийн цаг үеийн зорилтыг дэвшүүлээгүй. Харин хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн хууль байгаа юм.  

-Та шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Иймд 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг юу гэж үнэлж дүгнэдэг бол…?

-Юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийн томоохон ач холбогдол нь Монголын ардчиллыг эрх зүйн талаас нь бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардчилал гэдэг нь хуулийн нарийн зохицуулалттайгаар хэрэгжих Үндсэн хуулиараа баталгаажсан байх шаардлагыг тавьсан байдаг. Ардчиллын энэ зарчимд Үндсэн хууль нийцсэн байгаа юм.

Түүнчлэн 1992 оны Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг урьд өмнөх хуулиудад байгаагүйгээр дэлхийн жишигт хүргэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийнхаа Хоёрдугаар бүлгийг хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглүүлсэн байх жишээтэй. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг маш нарийн тунхагласан. Цаашлаад  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг баталгаатай тунхаглах, ил тод байх зарчмыг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн.

Нөгөөтэйгүүр, шинэ Үндсэн хуулиар өмчийн харилцаанд томоохон өөрчлөлт оруулсан. Хуулийн чухал заалт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг анх удаа хөндсөн. Монголын түүхэнд газрыг иргэн өмчлөх харилцааг 1992 оны Үндсэн хуулиар нотолж өгсөн.

Мөн Монголын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт, олон намын системийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

-Шинэ Үндсэн хуулийн үнэ цэн, эрхэмлэн дээдэлж нандигнах ёстой гэдгийн агуулга, мөн чанарын талаар та залуу, хойч үедээ хандаж юу хэлэх вэ?

-Өнөөдрийн ардчилсан нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай тулсан. Тийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг баталж, тэдгээр шаардлагыг хангаж ирлээ.  Ер нь Монгол Улс ардчилсан нийгмийг тогтолцоог сонгож, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцад амжилт олсон нь Үндсэн хуулиа маш богино хугацаанд боловсруулж, баталж хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Гэтэл Үндсэн хуулиа боловсруулж, батлах, хэрэгжүүлэх үйл явцаа удаашруулснаас зарим улс орнууд улс төрийн  хүнд нөхцөл байдалд орсныг бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Румын, Болгар зэрэг улс Үндсэн хуулиа баталж, цэгцэлж амжаагүй байдал нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амь насанд  халдах харамсалтай үр дагаварт хүрсэн. Энэ утгаараа нийгмийн харилцааг хуулиар зохицуулах явдал нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулиараа нийгмийг жолоодох хуулийн засаглалыг бий болгох  нь чухал асуудал.

Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх барих байгууллагуудын эрх дархыг тодорхой нарийн хуваарилсан. Тодруулбал, хууль тогтоох дээд эрх нь Улсын Их Хуралд хадгалагдах, эдийн засаг, нийгмийг удирдах, хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар гүйцэтгэх, нийгэмд гарах янз бүрийн зөрчил, маргааныг шүүх засаглал хариуцах жишээтэй. Ингэж төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийг тус тусад нь үүрэг, хариуцлагаар нь зааглаж өгөөд харилцан хамааралтай, харилцан хяналттай байхыг тогтоож өгсөн. Энэ нь Үндсэн хуулиараа нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдана гэдгийг баталгаажуулсан хэрэг.

Иймд Үндсэн хуулиа “Мэдэгтүн, сахигтун !” гэж төгсгөдөг. Үүнийг монголын иргэн бүр мэдэж, сахиж байх ёстой шүү гэдгийг захьсан эрхэм хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим нь аливаа нийгмийн хөгжиж, дэвших харилцааны үндэс.

-2023 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, шинэ парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн  талаарх таны байр суурийг сонирхвол…

-Парламентад аль болох олон ургалч үзлийг уралдуулж, төлөөллийн бүлгийн санаа бодол, дуу хоолойг өргөн хүрээтэй сонсож, асуудлыг шийдэхэд оновчтой, илүү олон шүүлтүүртэй, боловсруулах гэдэг талаас нь бодолцож, тэрхүү өөрчлөлтийг хийсэн байх гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүдийн тоо хэд байх нь чухал бус. Харин Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд заасан ард түмний элч байх, нийгмийнхээ төлөөллийг хангаж  хууль тогтоох үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох тэрхүү үүргээ сайн гүйцэтгэж үндсэн ажлаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.

Шинээр бүрдсэн парламентад залуучууд, эмэгтэйчүүд түлхүү орж ирсэн байна. Нийт гишүүдийн 25 гаруй хувь нь эмэгтэйчүүд болсон. Энэ нь дэлхий нийтээрээ яриад байгаа жендэрийн асуудал, төрийн удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь зүйтэй гэсэн тэр шаардлага, захиалга руу  дөхсөн. Энэ мэт шинээр бүрдсэн парламентад дэвшилттэй зүйл байна. Тэгэхээр парламент өөрт ноогдсон үүрэг, эрхийг сайн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина  “Сэлбэ 20 минутын хот”-ын барилга угсралт 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Газар худалдах, худалдан авахдаа эрх бүхий байгууллагын мэдээллийг нягтлахыг зөвлөж байна  БЗД: Хүн бүр хуулиа дээдэлж хүүхдийн эрхийг хамгаалъя  БАЯНБЗД: Иргэн бүрд төрийн үйлчилгээг эрх тэгш олгож буй төрийн албан хаагч танд баярлалаа  БЗД: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруугийн явган замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн  БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй  Х.Нямбаатар: Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна  Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна  “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт 2027 оны III улиралд дуусгана  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Олон улсын конвенц  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Эрүү шүүлт бол гэмт хэрэг  Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.