СДМЗХ-ны долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Пүрэвдагва ээлжит VII Их хурлын төлөөлөгчдөд хандан СДМЗХ-г залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага болгох алсын хараа бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулж байна. Тэрбээр “Юуны өмнө надад итгэл хүлээлгэж, 27 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны нэгэн үеийн түүхийг бичих хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг хүлээлгэсэн хамт олондоо гүн талархал илэрхийлье. Манай холбоо бол 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сум, хороонд салбартай, олон мянган залуусын зүрхэнд оч бадрааж, өнөө үеийн Монгол Улсын удирдагч, лидерүүдийг төрүүлсээр ирсэн үндэсний хэмжээний байгууллага билээ” хэмээн тодотгоод өнгөрсөн хугацаанд зургаан Ерөнхийлөгчийн удирдлага дор хоёр удаа нэрээ сольж, бүтэц, дүрэм, үйл ажиллагаандаа өөрчлөлт, шинэчлэлийг хийсээр өдийг хүрсэн бол дараагийн дөрвөн жилд хаашаа чиглэж, ямар арга барил, стратегийг баримталж ажиллахаа танилцуулж эхэллээ.
“SDY-д гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй. Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана. Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө” хэмээн онцлоод СДМЗХ-г залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага болгох алсын хараа бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулж байна.
Б.Пүрэвдагвын хувьд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргасан бөгөөд MNCG судалгааны байгууллага болон Стратеги академитай хамтран 18-35 насны янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, хот, хөдөөгийн 810 залуус, SDY-ийн 100 тэргүүлэгч, гишүүдээс чанарын болон тоон судалгааг хэлбэрээр авчээ. Эдгээр судалгааны үр дүнд тулгуурлаж, SDY-ийн дараагийн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг салбар салбарын экспертүүд, эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудтай хамтран боловсруулсан байна. Дээрх “Судалгаанаас гарсан хамгийн том дүгнэлт нь СДМЗХ залуусын дуу хоолойг илэрхийлдэг, оролцоог нь хангадаг, асуудлыг шийддэг байгууллага болох бөгөөд энэ нь сонголт гэхээсээ илүү зайлшгүй хийх ёстой, сонголтгүй буюу цаг үеийн шаардлага, нийгмийн бодит хүлээлт” гэдгийг Б.Пүрэвдагва онцоллоо. Судалгааны дүнд тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий Progressive, Development, Strategy /PDS/ дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлэн ажиллах юм байна.
Түүний танилцуулсан судалгаанаас үзэхэд залуучуудын 54 хувь нь дэмждэг намгүй гэж хариулсан бол улс төрийн нам дэргэдээ залуучуудын байгууллагатай байхыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. “Тиймээс бид үйл ажиллагаандаа улс төрийн, нийгмийн, хувь хүний хөгжлийн гээд олон янз байдлыг тусгаж, тэнцвэрийг барьж, биднийг сонгох суурь шалтгааныг маш тодорхой болгож өгөх шаардлагатай байна” хэмээн онцоллоо. СДМЗХ-ны VII Их хурал үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг