С.Мөнхчулуун: Засаглалын бодлогыг нэг шугамаар хэрэгжүүлж, нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэхээр ажилдаа ороод байна

Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулийн босгон дээр Дундговь аймгийн МАН-ын хороог удирдан ажиллахаар боллоо. Хэдийгээр намын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар ч гэлээ таны хувийн байр суурийг сонсъё. Орон нутагт очиж ажиллах энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авав?

-Орон нутгийн сонгуулийн босгон дээр, нэр дэвшилтээс ганцхан хоногийн өмнө намаас тулгуу  шийдвэр гарлаа. 2-3 сарын өмнөөс Дундговь аймгийн сумдын МАН-ын хорооны дарга нар болон намын гишүүд, нутгийн иргэдийн зүгээс орон нутагтаа ирж ажиллаач гэдэг саналыг мөн тавьж байсан л даа. Миний хувьд  цаг хугацаа  тулсан, орон нутгийн сонгуулийн босгон дээр зохимжгүй болов уу гэсэн байр суурьтай байсан.  Аймгийн намын хорооны удирдлагууд орон нутгийн сонгуулиар ажлаа үнэлүүлэх ёстой ч гэж бодож байлаа. Гэвч намын удирдлагууд болон говиос УИХ-д сонгогдсон гишүүдийн зүгээс ч  санал тавьж, говьд очиж ажиллах саналыг ирүүлсээр байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа энэ үед аймаг орон нутгийнхан нэг  зорилго чиглэл, байр суурьтай ажиллах ёстой. Аймагт МАН-ын засаглал хэрэгжиж байж орон нутагт хэрэгжих мөрийн хөтөлбөрөөс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хөрсөн дээр нь буулгаж, ямар нэг улстөржилтгүйгээр урагшлах боломжтой. Тийм ч учраас орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулах шаардлагатай гэдэг үүднээс надад энэ саналыг  ирүүлсэн хэрэг. Аав маань Дундговь аймгийн Гурвансайхан,  ээж маань Өмнөговь аймгийн Манлай сумынх,  би өөрөө Дорноговьд төрсөн.  Хүмүүс намайг аль нутаг вэ гэхэд  гурван говийн хүн гэдэг юм. Энэ жил  аав, ээжийн маань сумын 100 жилийн ой болсон. Ойн баяраар  явж байхад Өмнөговиос Дундговь руу явах Луус Хулдын зам,  Дундговиос Улаанбаатар явах зам бол үнэхээр хэцүү, ерөөсөө аймаг орон нутагт хийж, хэрэгжүүлэх ажил маш их байгаа нь харагдаж байсан. Ийм цаг үед  намын удирдлагууд итгэл хүлээлгээд, Дундговийнхоо намын хороог удирдаад, уугуул нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг өгснийг хүлээж авъя гэж шийдсэн.  Хотоос 270 км буюу хамгийн ойрхон аймаг, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, газар нутгийн хэмжээ том биш, уул уурхайтай атлаа хөгжлийн индексээр 21 аймгаас сүүл мушгидаг. Нөхцөл байдал ийм байхад нутгийн хүүгийн хувьд, намын удирдлагуудын саналаас татгалзах нь зохимжгүй гэдэг үүднээс саналыг хүлээж аваад ажилдаа орчихоод байна.

-Сонирхож асуухад шууд нүүгээд оччихов уу, төвхнөж амжсан уу?

-Дундговь аймагтаа ирээд дөрөв хонож байна. Би ер нь их хөдөө амьтай хүн. Хүүхэд байхдаа Гурван сайхан суманд, Их газрын чулуунд аавтайгаа их очдог, амралт бүрээр л ирдэг байсан болохоор тэр сайхан цагийг байнга санан дурсдаг, нутагтаа жил бүр ирдэг. Алтай таван богд ороод ч, Швейцарт хүрээд  хэчнээн сайхныг нь гайхан бишрэх зууртаа л “Их газрын чулуундаа очиж  хоёр хонох юмсан” л гэж боддог хүн байгаа юм. Хөдөө нутаг маань үнэхээр сайхан, тэр тусмаа өөрийн төрсөн нутаг шиг сайхан нь хаана билээ дээ. “Удахгүй очиж амьдарна даа” гэж бодож явсаар ингээд нутагтаа ирсэндээ бэлгэшээж байна. Би ер нь нүүх дуртай хүн л дээ. ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа “Түгжрэлийг бууруулах үүднээс ажлынхаа ойр нүүгээд ирлээ” гэж сошиалд бичээд шуугианы эзэн болж байлаа. Яахав тэр бол манай хадмынх  ШӨХТГ-ын  хажууд байдаг байсан л даа. Хадам ээж маань ганцаараа байдаг учраас тэр жил манайд ирж өвөлжих байсан юм. Ингээд би ч ШӨХТГ-т ажилд орж таарсан учраас манайх бүгдээрээ нүүгээд очсон нь тэр. Одоо харин дахиад нүүдэл хийх болж байна. Дөрвөн жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах бодолтой байгаа учраас аймгийнхаа төв дээр төвхнөнө. Төр засгаас ч хөдөөг хөгжүүлэх, сэргээх санаачилга гаргаж байгаа энэ үед хөдөөд хөгжил авчрахын төлөө ажиллана. Үлгэр дуурайл болох үүднээс өөрөө нүүгээд ирлээ. Ямар ч байсан энд байхдаа Дундговьд зочин гийчин урьсан цаг хугацаа байлгах болно. Цаашдаа Дундговьчуудаа нутаг орноо хөгжүүлэхэд гар бие оролцохыг уриалж байна. 

-Ажлаа хүлээж аваад шууд л нэр дэвшигчдээ тодруулах ажил руу оров уу, цаг хугацаа тулсан цөөнгүй ажил таныг угтсан байх. Намын даргын хувьд нэр дэвшигчдийг тодруулахдаа ямар шалгуур, шаардлага тавьсан бэ?

-Есдүгээр сарын 1-нд нутагтаа ирээд шууд намын хорооны хурлаар Дундговь аймгийн намын даргын үүрэгт ажлаа хүлээж авсан. Ингээд  маргааш нь  орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сүүлчийн өдөр байсан учраас 24 цагийн дотор нэр дэвшигчидтэй тухайлан уулзаж, хэн нь хэн юм, ямар хүмүүс дэвших талаар мэдээлэл солилцож, сумдын намын хороодоос гаргасан нэрсийг Тэргүүлэгчдийн болон намын хорооны хурлаар хэлэлцүүлснээр нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодрууллаа.  Аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд иргэдийг төлөөлөхүйц хэмжээний боловсрол, туршлагатай,  нутаг орондоо нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх ёстой гэж үзсэн. Мөн насны хувьд залуужуулж, шинэчилсэн гэж ойлгож болно. Манай нэр дэвшигчдийг мэргэжлээр нь авч үзвэл доктор, инженер, эдийн засагч, хуульч, гадаад хэлний мэргэжилтэн ч байна. Хамгийн гол баримталсан зүйл бол аймгийн ИТХ болон ЗДТГ аймагт гол засаглалыг авч явдаг учраас цаашид аймгаа хөгжүүлэхэд эдийн засгийн болон дэд бүтцийн талд төдийгүй аж ахуй эрхлэгч, малчдаа дэмжих зэрэгт Улаанбаатар хот, яам, тамгын газар, гадна дотнын бусад ижил төрлийн байгууллагатай хамтраад, холбоо тогтоогоод явах боломжтой,  нутаг орондоо хөрөнгө оруулалт татах чадвартай байх ёстой гэдэг үүднээс нэр дэвшилтээ хийсэн.  Аль нэг даргын хүн, эсвэл хэн нэгнийг гомдоочихвий  гэдэг байдлаар бус  ерөөсөө  аймаг, сумаа хөгжүүлэх чин сэтгэл, чадвартай хүмүүс байх ёстой гэж үзсэн. Дундговь гээд арал шиг байгаад байж болохгүй. Бусад аймаг, нийслэл, дүүрэг, яам, тамгын газар, Засгийн газар болон гадна талдаа ч хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Тиймээс ийм хэмжээний чадавхтай хүмүүсийг олж дэвшүүлэхийг зорилоо.

-Та бол Улаанбаатар хотод өөрийн гэсэн  улс төрийн карьертай хүн. Гэсэн ч хөдөөг зорих шийдвэр гаргасан нь илүү том амбицаа харсан юм болов уу гэж ойлголоо. Ялсан намын дарга Засаг даргаар ажиллах учиртай. Танд ийм алсын хараа байна уу?

-Миний хувьд Улаанбаатар хотоос ажлын гараагаа эхэлсэн. Нийсэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтэн, даргаас авахуулаад Өмчийн харилцааны газрын хэлстийн даргаар ажиллаж байлаа.  340 гаруй мянган хүн амтай, 43 хороотой  Сонгинохайрхан дүүрэгт Тамгын газрын болон ШӨХТГ-т тус тус даргаар ажиллаж байлаа. Сонгинохайрхан дүүргээсээ нийслэлийн ИТХ-д сонгогдоод Хууль эрх зүйн байнгын хорооны болон нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар мөн ажиллаж байв. Сонгинохайрхан дүүргийнхээ МАН-ын дэд дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орон тооны зөвлөхөөр ажиллаж байв.  Эдгээрийг  дурдсан учир нь миний хувьд төрийн болон улс төрийн ажлын туршлагатай. Өнгөрсөн хугацаанд  бүрдүүлсэн капитал,  хуримтлуулсан дадлага туршлагаараа нийслэлийн Засаг дарга болно гэж зүтгээд  төлөөлөгчдийн олонхын саналаар ялалт байгуулсан ч албажиж томилогдож чадаагүй.  Мэдээж надад тодорхой хэмжээний амбиц бий. Аавын маань төрсөн нутаг, хотод хамгийн ойрхон атлаа хөгжлөөр сүүл мушгиж буй нутаг орноо бодсон ч  надад хойш суух эрх байхгүй.  Аймаг, орон нутгаа жишиг болохуйц байдлаар хөгжүүлье гэсэн чин эрмэлзэл байна. Үүний тулд Дундговийг “Говийн бүсийн хөгжлийн төв” болгох боломжтой гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлийн томоохон бодлого, концепцыг зарлан хэрэгжүүлж байна. Зүүн болон босоо  тэнхлэгийн  замуудыг барих гэж байна. Чойр, Өвөрхангай чиглэлийн замыг барьснаар говь нутагт хөгжил ойртоно.  Говиос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн маань Зам тээврийн сайд болсон. Ийм нөхцөлд Дундговь аймгаа хамтраад хөгжүүлэх бүрэн боломжтой гэж харсан учраас орон нутагт очиж ажиллах саналыг хүлээн авсан. Дундговь бол 50 гаруй мянган иргэн, 15 сумтай жижиг аймаг учраас бүх талаар хөгжүүлэх боломжтой. Ганцхан жишээ татахад, сая  томилолт аваад яваад очиход аймгийн төвд хоёрхон буудалтай, захиалга нь дүүрсэн байх жишээний. Зориод очсон зочныг хонуулах газар алга, аливаа үйлчилгээ алга. Энэ бол Дундговь аймгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг харуулах нэг л жишээ. Хүн очиж хоол идээд хөдөлдөг л газар болчихож. Тийм учраас цаашид Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг  орон нутгийн болон, аймгийн Намын хорооноос дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй  уялдуулснаар Дундговь аймагт шинэ сэргэлт авчрах бүрэн боломжтой.

-Таны хувьд бодлого сөрсөн гэдэг үндэслэлээр намын гишүүнчлэлээс хүртэл түдгэлзэж явсан хүн. Тухайн үед олон нийт улстөрчийн хувьд карьер нь дуусаж байна уу гэж харж байлаа. Гэтэл  говьд засаглалаа алдсан, говь хөгжлөөр доройтсон эгзэгтэй цаг үед таныг Дундговь руу  томилж байгаа нь “МАН-ын хувьд Мөнхчулуун бол гол бодлогын хүн байжээ” гэж ойлгогдож байна. Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Мөнхчулуун цаашид ямар зарчим, бодлоготой ажиллах вэ?

-Тухайн үед манай нам дотор томоохон өөрчлөлт, шинэчлэл явагдаж байсан цаг хугацаа л даа. С.Амарсайханыг намын бодлогоор Хотын Засаг даргаар оруулж ирснийг би хувьдаа эсрэг байр суурьтай байсан учраас зөрж нэрээ дэвшүүлээд ялалт байгуулж байсан юм. Тухайн үед С.Амарсайхантай ямар нэг асуудал байгаагүй. Тэр хүн жилийн өмнө ИТХ-ын дарга болсон атлаа жилийн дараа шууд Засаг дарга болж болохгүй л гэж үзсэн. Нийслэлийн 1.5 сая хүн амтай том хотын ИТХ-ын хурлыг ганцхан жил ашиглаад орхичихдог байж болох юм уу гэдэг  зарчмын асуудлыг л тавьсан юм.  Ингээд олонхын саналыг авч ялалт байгуулсан  ч манай МАН-д шинэчлэл явагдаад, өөрчлөлт  хийж буй цаг үе  таарсан намаас дэвшүүлсэн хүнийг сөрсөн учраас надад хариуцлагын арга хэмжээ авсан л даа. Гэсэн хэдий ч  миний хувьд улс төрөө орхилгүй, Сонгинохайрхан дүүрэгтээ бие даан нэр дэвшиж байлаа. Манай тойрогт 28 хүн нэр дэвшихэд хамгийн сүүлд буюу 28 дугаарт бичигдсэн ч санал хураалтаар тавдугаарт орсон. 13 мянган хүний санал, дэмжлэг авч байлаа.  Үүний дараачаар шинэчлэгдсэн нам маань намайг буцааж авсан, тэр даруйдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн  даргын Орон тооны зөвлөхөөр томилсон байдаг. Энэ бол МАН-ын удирдлагуудын зүгээс намайг үнэлсний илрэл гэж ойлгож болно. Харин энэ удаад Дундговьд шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг үүднээс итгэл хүлээлгэж, үүрэг өгч байна.

-Олон талын үүрэг, хариуцлага өвөртлөн нутгаа зорьж байгаа юм байна. Засгийн газраас Хөдөөгийн сэргэлт гэсэн том бодлого, концепцыг зарлан хэрэгжүүлснээр өргөн хүрээний нөлөөллийн ажил болж чаджээ. Эдгээрийг хөрсөн дээр нь буулгах, ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд ажлаа хаанаас, хэрхэн эхлэх вэ?

-Тэгэлгүй яахав, маш өндөр хэмжээнд энэ үүрэг, хариуцлагыг ухамсарлан ажиллах болно. Түрүүн хэлсэнчлэн нийслэлийн хамгийн  том дүүрэг болох Сонгинохайрханы 340 гаруй мянган иргэний ахуй амьдралыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг бүтнээр нь харж, ажиллаж байлаа. Нийслэлийн 1.5 сая иргэний асуудлыг, ШӨХТГ-т нийслэл төдийгүй 21 аймгийн хэрэглэгчийн асуудлыг хариуцаж явсан хүний хувьд нэг аймгийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой харагдаад байгаа юм.  Үүний тулд засаглалыг нэг шугаманд байлгах асуудал маш чухал. Дундговь засаглалын хувьд тогтвортой биш явж ирсэн. Дээрээ буюу УИХ, Засгийн газарт МАН, доод шатандаа буюу орон  нутагтаа АН-ыг сонгочихдог.  Дээрээ АН гарахаар доороо МАН гарчихдаг ийм урвуу хамааралтай явж ирсэн. Ингэж зөрүүлж сонгоод байхаар ажлын уялдаа холбоо гэж байхгүй болчихдог, гацдаг, улстөрждөг. Жишээлбэл, Засгийн газраас   зарлан хэрэгжүүлж буй  “Шинэ хоршоо“ хөдөлгөөн хамгийн муу хэрэгжсэн  аймаг нь Дундговь. Учир нь  аймагт АН засаглаж байгаа учраас МАН-аас санаачилсан гэдэг утгаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлдэггүй, малчдаа хамруулдаггүй. Гэтэл Дундговь аймгийн Гурвансайхан суманд МАН ялсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд маш эрчимтэй хамрагдаж, найман хоршоо шинээр байгуулагдсан байх жишээний. Гэтэл АН ялсан сумдад нэг ч хоршоо байхгүй. Угтаа  энэ хөдөлгөөн бол малчдын, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж юм шүү дээ. Өмнөх дөрвөн жилд МАН-аас УИХ-д  сонгогдсон гишүүн маань сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, өргөтгөлийн төсөв хуваарилуулаад бүтээн байгуулалтын ажил хийсээр ирсэн. Гэтэл аймаг, орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт байхгүй болчихдог. Аймаг хөрөнгө оруулалтаа татаж чаддагүй, эргээд Засгийн газар, яамдтайгаа хамтарч ажиллаж чаддаггүй. Эндээс үзэхэд манай Дундговьчууд дандаа буруу сонголт хийдэг. Тэгэхээр дээд шатандаа МАН ялсан бол  аймагтаа ч мөн ялалт байгуулж байж нэг шугамаар ажил  явна. Зөрүүлээд сонгочихоор орон нутагтаа засаг төрийн ажлыг гацаадаг талтай. Тийм учраас УИХ-ын гишүүн хаанаас сонгогдсон байх нь сонин биш, гол нь Засгийн газар аймаг, сумдын Засаг дарга  нар нэг шатанд, нэг бодлого хэрэгжүүлдэг байх ёстой юм.

-Орон нутагт улстөржилт хавтгайрсан нь олон жишээгээр харагдах болсон. Тиймээс иргэдийн ухасмар, хандлагад чиглэсэн нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай юм шиг санагддаг. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

рон нутагт улстөржилт хэрээс хэтэрсэн нь үнэн. Аймаг, орон нутагт цаашдаа бодлогын хувьд нэг түвшинд явж байж энэ байдал цэгцэндээ орох учиртай юм. Миний хувьд орон нутагт улстөржилтийг багасгахын төлөө бүх талаар ажиллах болно.  МАН, АН  бодлогоор өрсөлдөж байгаа нь үнэн ч эцсийн зорилго нь нэг юм шүү дээ, Дундговь нутгийнхаа хөгжлийн төлөө гэдгийг ард иргэд ойлгож ухамсарлах хэрэгтэй. Иргэн хүн өөрөө  тунгаах ёстой болох нь байна шүү дээ. Дээд шатандаа МАН-ын Ерөнхий сайдтай байхад доод шатандаа АН-ыг сонгоно гэдэг нь таны сонголт үнэйгүйдэхийн нэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Нутаг орноо хөгжүүлэх биш эргээд засаг төртэйгөө тэрсэлдэх  сонголтыг хийнэ гэсэн үг гэдгийг ухамсарламаар байгаа юм. Нэг бодлого, нэгдсэн удирдлагаар ажиллаж байж нутаг орон маань хөгжинө гэдгийг маш сайн ойлгож сонголтоо хийж байх ёстой. Тийм ч учраас цаашдаа иргэддээ улс төрийн боловсрол олгох тухайд ч санаачилгатай ажиллах төлөвлөгөөтэй байна. Нэг л аймгийн, нэг л үүсэл гаралтай ахан дүүс шүү дээ. Миний хувьд аймагтаа улс төрийн нам удирдан ажиллахаар ирж байгаа ч урд өмнө нь Дундговийн хүн гэхээр яг л ах дүү, хамаатан садан шигээ хүлээж авдаг, хамтарч ажиллах, дэмжих ямар л боломж бололцоо байна, түүгээрээ хамтарч ирсэн. Хотод,  аймагт, АН-д надад олон найз нөхөр бий. Ерөөсөө манай аймагт улс төр, урлагийн салбарт алдар цуутай маш олон хүн байдаг. Тэднийгээ нэгтгээд, нийлээд хөдөлбөл манай аймаг  хөгжиж чадна. Тийм ч учраас Дундговийнхоо хөгжлийн төлөө хүн нэг бүрийг татан оролцуулах цаг болсон гэж харж байгаа. Манай аймаг одоогоор Нутгийн зөвлөл гэж байхгүй болсон, үйл ажиллагаа явуулахгүй 3-4 жил болж байна.  Ийм нэг тарсан, хаягдсан байдалтай болчихсон учраас цаашид аймгийнхаа иргэдийг нэгтгэж, нутаг орныхоо хөгжлийн төлөө ажиллана гэсэн бодолтой байна.  Хэдийгээр МАН-аас Дундговь аймгаас УИХ-д төлөөлөл сонгогдоогүй ч Өмнөговийн Н.Наранбаатар, Дорноговийн Б.Дэлгэрсайхан нарын  гишүүд маань Дундговь руу харж, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа. Хараахан сонгогдож чадаагүй нэр дэвшигч Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар маань ч биднийг дэмжин ажиллаж байна.  Ингээд бид тал бүрээс хамтран, Дундговийнхоо МАН-ын хороогоор дамжуулан засаглалыг Засгийн газартайгаа уялдуулахад  бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж  байгаа.  Миний хувьд өөрөө мэргэшсэн инженер хүн. Тиймээс инженерийн шийдэлтэй дэд бүтэц, зам, барилга байгууламж, гэрэлтүүлгийг маш сайн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Олон нийт бол манай аймгийг сумын хэмжээний хөгжилтэй гэж дүгнээд байна шүү дээ. Гэтэл манай аймгийн Гурвансайхан сум улсын хэмжээний “Жишиг сум”. УИХ-д сонгогдсон Р.Эрдэнбүрэн гишүүн авторлож явдаг. Хэдийгээр энэ хүний санаачилга боловч энэ бол мөн Гурвансайхан сумынхны, ард иргэдийн хийсэн ажил. Миний бие ч Нутгийн зөвлөлийн гишүүний хувьд энэ ажилд гар бие оролцож явлаа.  Ерөөсөө нутгийнхаа хөгжлийн төлөө МАН, АН гэлтгүй хамтраад ажиллаж болдгийн жишээ  энэ л дээ. Үүний адилаар Дундговьчууд маань нийтээрээ хамтраад явбал бидэнд хөгжил ойрхон байна.

-Говийн хөгжлийг хаанаас эхлэх тухайд танд ямар төлөвлөгөө, зураглал байна.  Хөдөөг сэргээх, говь нутагт хөгжил авчрах эхний алхмыг та хувьдаа хэрхэн харж байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт, зам, дэд бүтцийн асуудал маш чухал. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг шүү дээ. Дундговь аймгийн хувьд дэд бүтэц маш муу. Улаанбаатараас Дундговь, Өмнөговийг холбосон замтай. Хоёр эгнээ нарийхан замаар нүүрсний том машинууд яваад талхалчихсан, осол аваар гардаг аюултай зам болоод хувирчихсан. Тиймээс эхний ээлжид энэ замыг  хоёр урсгал, дөрвөн эгнээ болгох шаардлагатай. Ингэж байж энэ тэнхлэгийн зам цаашаа баруун аймгууд руу явдаг болж өргөжих ёстой. Энэ ажил  Засгийн газрын төлөвлөгөөнд орсон, удахгүй ажил хэрэг болно. Мөн баруун аймгаас Дундговиор дамжин зүүн аймгууд руу явах замын ажил эхэлж байна. Энэ мөн л Засгийн газрын ажил. Өвөрхангай, Говьсүмбэрт ажил нь эхэлчихээд байдаг, гэтэл манай Дундговьд ажил явахгүй байгаа нь өнөөх л  орон нутаг дахь улстөржилт, нэг шатанд бодлого хэрэгжихгүй байгаагийн илрэл. Тог цахилгаан, усны асуудлыг шийдэх мөн шаардлагатай. Аймагт  байнгын хэрэглээний халуун усгүй байдалтай. Сумдад гэрэл цахилгааны асуудал мөн хүндрэлтэй байгааг шийдэж, сайжруулах шаардлага үүсчихсэн.  Манай аймагт Эх газрын чулуу гээд хэчнээн сайхан байгалийн цогцолцор бий.  Аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломж, өгөгдөл нь байгаа атлаа  тэнд цахилгаан байхгүй. Тэгэхээр төвлөрсөн суурин газрууддаа тог цахилгааныг найдвартай болгох нь чухал байгаа юм. Говьд ус маш чухал. Үүнийг нэгдсэн бодлогоор шийдэх ёстой.  Маш олон удаагийн ТЭЗҮ, зураг төсөл хийгээд орхигддог. Миний бие  “Эрдэнэс монгол”-д  ажиллаж байхад “Эрдэнэс Оюутолгой”-гоос “Хэрлэн говь” төслийн зураг төсөв, ТЭЗҮ-г хийх тендер зарлагдсан. Оюутолгойгоос мөнгийг нь гаргаад “Эрдэнэс Оюутолгой” төсөл дэмжээд  явж байгаа. Энэ ТЭЗҮ-г хийчихвэл говын усны асуудал шийдэгдэх бүрэн боломжтой. Байгаль орчны яамнаас эхлүүлсэн “Хөх морь” гэж  багц төсөл бий. Хэрлэн говь, орхон онги төслийн хүрээнд гадаргын усыг төвлөрүүлээд говийг усжуулах төсөл байгаа юм. Эдгээр төслийг хэрэгжүүлчихвэл говийнхон усны асуудалгүй болох боломжтой. Энэ жилийн хувьд маш сайхан хуртай жил байлаа. Ерөөсөө устай л бол  сайхан хангай нутаг шүү дээ. Сая “Тавантолгой” компаниас Цогтцэцийд  хөв цөөрөм ухаж бэлдээд гадаргын болон борооны усыг хуримтлуулах цөөрөм байгуулсан. Энэ  зуны борооноор маш том нуур  үүссэн байх жишээний. Тэгэхээр ийм байдлаар усаа хуримтлуулж, усжуулах, газар тариалан эрхлэхээс авахуулаад бусад бүх чиглэлэр ашиглах боломжтой болно.  Ингэж бид усжуулах ажлыг цаг алдалгүй хийхгүй бол говьд цөлжилт маш ихээр явагдаж байна, зарим сум  малгүй бүс болох хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Аймаг, орон нутаг өөрөө бодлого гаргаж, Усны газрынхантай хамтарч, санал санаачилга гаргаж явах учиртай юм. Түүнээс хэн, хаанаас хийж өгөх бол гээд хараад суугаад байж таарахгүй. Энэ тухайд говийн аймгууд үнэхээр  дутагдалтай ажиллаж байгаа нь үнэн.

                                                                                                                     Ярилцсанд баярл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.