Гол дагуу амрагчдыг дуут дохиогоор анхааруулж, камераар хянана

Зуны бүгчим халуун өдрүүдэд нийслэлчүүд голын эрэг дагуу амарч зугаалдаг. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орж, голын ус эргээ давж, үерлэсэн дүр зурагтай байна. Тиймээс онцгойгийн алба хаагчид гол руу ойртохгүй байхыг анхааруулсан самбар байршуулан замыг нь хаажээ. Биднийг Баянзүрхийн гүүр дагуух Туул гол дээр очиход цөөнгүй иргэд овоолсон шороон хаалтыг машинтайгаа давж, голын эрэг дагуу амарч зугаалж байлаа. Зарим нь бага насны хүүхдээ голын үертэй усанд хөтөлж яваа харагдав.

Тэдний дэргэд онцгой байдлын завь эргүүл ажиллаж, анхааруулга зөвлөмж өгсөн ч үл тоосон хандлага гаргах аж.

"ХҮМҮҮС НАМАЙГ ХАРААД "ЯМАР ХӨӨРХӨН ЮМ БЭ" ГЭЖ ӨХӨӨРДӨН БАС ИХ ГАЙХДАГ"

 

Онцгой байдлын 5-6 алба хаагчтай завьт эргүүлийн хоёр бүлэг Гачууртын Хар-Усан тохойноос Нисэхийн Хадан хясаа хүртэл өдөр бүр ажилладаг. Алба хаагчид дунд нэгэн бяцхан аврагч ажиллаж байсан нь анхаарал татсан юм. Түүнийг У.Нарантэнгэр гэдэг. Тэрбээр "Эрдэм-Оргил" цогцолборын долдугаар ангийн сурагч. Зуны амралтаараа хоёр дахь жилдээ сайн дураараа завьт эргүүлийн багт ажиллаж байгаа аж.

Бяцхан аврагч хүү ах нартаа тусалж, гол дагуу амарч зугаалж яваа иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгнө.

Түүний зөвлөмжийг сонссон иргэд "Ямар хөөрхөн юм бэ" гэж өхөөрдөн бас их гайхдаг гэнэ. Тэрбээр "Би ирээдүйд иргэдийн амь насыг авардаг гал сөнөөгч болохыг хүсдэг. Тэр ч утгаараа гэр бүлийнхнээсээ зөвшөөрөл авч, онцгой байдлын албанд сайн дураараа ажиллаж байна. Ах нартайгаа явж байхад бага насны хүүхдүүд тоглоомоо усанд урсгаж, усанд хөл алдах тохиолдол их гардаг. Бас янз бүрийн амьтны дүрстэй хийлдэг гудастай усанд хөвөх нь маш аюултай. Томчуудыг ийм тоглоом битгий авч өгөөчээ гэж анхааруулаад байхад тоодоггүй. Тиймээс онцгойгийн алба хаагчдын зөвлөмжийг анхаарахыг аминчлан захиж байна" гэсэн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн жилээс иргэдийн амь насыг хамгаалж, урьдчилан сэргийлэх үүднээс Хар-Усан тохой, Баянзүрхийн гүүр, Сонсголон гүүр зэрэг эрсдэл өндөртэй таван байршилд камер байршуулжээ. Эдгээр камерыг нийслэлийн Онцгой байдлын газрын Дэд төвөөс 24 цагаар дэлгэцээр хянадаг байна. Голын ус үерлэсэн, ард иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал завьт эргүүл рүү мэдэгдэж, иргэдийг авран хамгаалдаг байна.

Эдгээр таван камер нь 360 градус эргэж, голын ойр орчмыг харуулдаг бөгөөд энэ жил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан санхүүжилтээр шинээр дуут анхааруулга өгдөг найман камер нэмж байршуулахаар төлөвлөжээ.

Уг дэвшилтэт технологийг ашигласнаар онцгойгийн алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөлж, гол дагуу амарч зугаалж яваа иргэдийн амь насыг авран хамгаалахад ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолсон юм. Гол дагуу хэдэн зуун хүнд тэр бүр завьт эргүүл хүрч ажиллаж чадахгүй учраас орчин үеийн дэвшилтэт технологи ашигласнаар алба хаагчид богино хугацаанд шуурхай арга хэмжээг авч чадах юм. Энэ камер нь цагдаагийн байгууллагын ажилд ч багагүй тус нэмэртэй байдаг аж.

Зарим иргэд онцгойгийн алба хаагчдын өөдөөс хэрэлдэх, маргах тохиолдол гардаг байна. Тиймээс нэг цагдаатай хамт явж, зөвлөмж өгч, шаардлага тавьдаг гэдгийг учирлаж байв.

ЗАВЬТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАХДАА ӨДӨРТ 400-500 ХҮН СЭРЭМЖҮҮЛЭГ ӨГЧ, ЗӨВЛӨДӨГ

Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч Г.Гансүх:

-Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, нийслэлийн Цагдаагийн газар, Хүүхэд хөгжлийн төв хамтран 2024 оны зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-н хүртэл завьт эргүүлээр ажиллаж байна. Аврах ангийн хувьд Гачууртын Хар-Усан тохойноос Нисэхийн Хадан хясаа хүртэл хоёр бүлэг өдөр бүр ажилладаг. Завьт эргүүлээр явж байх хугацаанд иргэд голын усанд зориулалтын бус хөвдөг хэрэгсэл, хийлдэг гудсан дээр хүүхдүүдээ их тоглуулж байна. Мөн бага насны хүүхдэдээ анхаарал бага тавьж, архи согтууруулах ундаа уухаас гадна баталгаагүй гарцаар ус гатлах гэж байгаад өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулж байна. Тиймээс ард иргэд та бүхэн гол дагуу амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг ахин дахин зөвлөе.

Завьт эргүүлээр ажиллахдаа өдөрт 400-500 хүн сэрэмжүүлэг өгч, зөвлөж байна.

Сүүлийн үед усанд осолдсон гэх дуудлага мэдээлэл буурахгүй, улам нэмэгдэж байна. Харамсалтай тохиолдол олон гарч байна. Сүүлд баяр наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд Баянзүрхийн гүүрэн доор 16-18 насны дөрвөн хүүхэд усанд тоглож байгаад нэг нь усанд живсэн. Завьт эргүүлийн баг ойрхон байсан учраас аварч, анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Ер нь огт сэлж чаддаггүй хүмүүс усанд ойртдоггүй. Усан сан, бассейнд сэлдэг хүмүүс болон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд голд сэлж, шөрмөс нь татах тохиолдол их байна.

ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ ЗУГААЛЖ ЯВСАН 3 ХҮҮХЭД УСАНД ЖИВЖ, ХОЁРЫГ НЬ АВАРЧЭЭ

Онцгой байдлын албанд долдугаар сарын 22-нд нэг гэр бүлийн таван хүүхэд эцэг эхтэйгээ гол дагуу амарч, зугаалж явжээ. Бага насны гурван хүүхэд нь усанд хөл алдаж, живж байхад нь дэргэдүүр нь өнгөрч байсан иргэн олж харж, хоёрыг нь аварсан байна. Харин зургаан настай хүүхдийг нь аварч чадаагүй.

Онцгой байдлын газрын Аврах ангийн хоёр бүлэг долдугаар сарын 22-ний 16.00-22.00 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Үргэлжлүүлэн долдугаар сарын 23-ны 06.00 цагаас эрлийн ажлыг эхлүүлэх явцад УБТЗ байгууллагын ажилчид мэдээлэл өгч, усанд живсэн хүүхдийн цогцсыг олсон. Онцгойгийн алба хаагчид цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

"ГОЛ РУУ ЯВАХ ЗАМЫГ НЬ ХААХААР ИРГЭД МАШИНТАЙГАА ДАВААД ОРЧИХДОГ"

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар:

-Улаанбаатар хотод долдугаар сарын 21-ний өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж голын усны түвшин 120 см, Туул гол 60 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даваад байна. Онцгой байдлын албанаас Баянзүрхийн гүүрний хэсэгт анхааруулах самбар байршуулсан хэдий ч тэр самбар нь усанд автаж, гол үерлэсэн байдалтай байна. Гол мөрний усны түвшин нэмэгдсэн тул иргэд аюулгүй байдлаа хангаж, аль болох үерлэсэн гол дагуу амарч зугаалахгүй байхыг зөвлөе. Учир нь голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрч, шороон замыг нь хаасан байхад иргэд машинтайгаа давж орж байна. Энэ бүхэн эрсдэл дагуулж байгаа юм. Таны өмнө нь ирсэн түвшнээс гол мөрөн нэмж үерлэсэн учраас онцгойлон анхааруулъя.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газраас завьт эргүүлүүд 08.00-21.00 цаг хүртэл гол дагуу байнга ажиллаж байна.

Эргүүл ажиллах явцад долдугаар сарын 22-ны өдөр Улиастайн гүүрний ойролцоо хоёр иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол гатлах гэж байгаад живсэн. Энэ үеэр завьт эргүүлүүд ойр ажиллаж байсан учраас хоёр хүнийг аварч чадсан. Тиймээс иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг зөвөөр хүлээн авч, анхаарах шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд энэ оны долоон сарын байдлаар 11 хүн усанд живж, харамсалтайгаар нас барсан. Үүний долоо нь том хүн, гурав нь бага насны хүүхэд байсан.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгснөөр болзошгүй эрсдэлээс сэргийлж чаджээ  Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд асаалттай байлгахыг зөвлөлөө  Зөвлөмж: Угаар мэдрэгчээ асаагаарай  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв  Бөөрөлжүүтийн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэнэ  Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр зарж байна  Гудамж талбайг шөнө ч цэвэрлэж байна  А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  Сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.