Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дорнод аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн нээлт болж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилгыг зургаан аймагт барьж буйгаас Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн төвд дээрх төвийг өнгөрсөн намар ашиглалтад оруулсан юм. Өнөөдөр нээлтээ хийсэн Дорнод аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” тав дахь нь болж байгаа ажээ. Дорнод аймаг дахь салбарын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, нийгмийн эерэг хандлага бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрх зүйн орчин, стандартыг бүрдүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал” хэмээн онцлов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард орон нутагт ажилласан бөгөөд энэ үеэр Ховд аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн нээлтэд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэн, улс төрийн бусад намд уриалж байсан юм. Тэгвэл Засгийн газрын тэргүүн ийнхүү амлалтдаа хүрч, “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулууныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт оруулаад байгаа билээ. Монгол Улсын хэмжээнд 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 67 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа бөгөөд зүүн бүсэд 11050, Дорнод аймагт 4400 гаруй нь аж төрдөг аж. Энэхүү төв ашиглалтад орсноор Дорнод аймаг төдийгүй, зүүн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд орон нутагт шинээр 30 ажлын байр бий болжээ. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.