Ч.Номин: “Фүлхэм”-ээр дамжуулан 3.2 тэрбум хүнд Монгол Улсаа таниулах боломж нээгдлээ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллахаар Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ.

Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн “Премьер” лигийн шилдэг баг 145 жилийн түүхтэй “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцерыг угтах ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны Төв цэнгэлдэх хүрээлэнд болж Соёлын сайд Ч.Номин, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд нар Монголын хөлбөмбөг сонирхогч хүүхэд, залуусын хамт угтаж авсан юм.

Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороон дарга, Соёлын сайд Ч.Номин нээлж хэлсэн үгэндээ “Монгол Улсыг олон улсад таниулан сурталчлах ажлыг 2023 оноос эрчимжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд соёл, урлагаар дамжуулан эх орноо сурталчлан таниулах олон талт ажлыг зохион байгуулж ирлээ. Бид “Тамгагаүй төр” жүжгийг Англи улсад тавьсан. Мөн “Морин хуурын чуулга”-аа дэлхийд таниулсан. Тэгвэл өнөөдөр “Премьер” лигийн томоохон баг “Фүлхэм”-ээр дамжуулан 3.2 тэрбум хүнд Монгол Улсаа таниулах боломж нээгдлээ. Цаашлаад “Премьер” лигт хөлбөмбөг сонирхогч монгол хүүхдүүд суралцах боломж нээгдэж байна. Лондонд байдаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэхэд “Go Mongolia” брэндийг таниулах боломжтой боллоо. Мөн “Фүлхэм” багийн сошиал сувгаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах болно. Марк Шварцер шиг олон сайн тамирчид Монгол оронд ирэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна” хэмээлээ.

Энэ үеэр “Фүлхэм” болон Австралийн шигшээ багийн хаалгач асан Марк Шварцер “Go Mongolia” төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид бид Монгол хүүхдүүдийг Ангийн “Премьер” лиг, дэлхийн хөлбөмбөгт гарахад тусалж, дасгалжуулахад хамтран ажиллах болно. Энэ гайхалтай улсад намайг урьж авчирсан “Go Mongolia” брэндингийн хамт олонд баярлалаа. Мөн Монгол Улсад “Фүлхэм”-ийн фэн клуб байгуулагдаж байгааг зарлахад таатай байна. Бидний хамтын ажиллагаа олон жил үргэлжлэх болтугай” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Английн “Фүлхэм” клуб бие халаалтын өмсгөлөө “Go Mongolia” логогоор гоёхоор болсныг энэ үеэр дуулгасан юм.

#GoMongolia

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.