“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалыг энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа.
-Таны эрхэлж буй ажлаас ярилцлагаа эхлүүлье. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын цөм нь Боомтын сэргэлт. Боомтуудыг сэргээх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх тухайд өнөөдрийн байдлаар ямар ажил өрнөж байна вэ. Газар дээр нь ажил хариуцаж байгаа хүний хувьд бидэнтэй мэдээллээ хуваалцана уу?
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Боомтын сэргэлтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн гээд бүхий л талын оролцоог хангах, нэмэгдүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг татах, зөөлөн болон хатуу дэд бүтцүүдийг нэмэгдүүлэх, төмөр замын боомт, авто замын боомт, хилийн боомт, хуурай боомт, агаарын боомтуудад төрийн бодлого шийдвэр хүрч ажиллаж байгааг юуны өмнө онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
Миний хувьд өөрийн хариуцан ажиллаж буй төмөр замынхаа талаар зарим мэдээллийг хуваалцъя. “Монголын төмөр зам”-ын хувьд төрийн өмчит, мэргэжлийн компанийн хувьд инженер техникийн ажилчид, төсөл хөтөлбөрийн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын төмөр замын трассуудыг шинээр судалж, уул уурхайн ачаа барааг хаанаас, хаагуур тээвэрлэх, ямар өртөг зардлаар барих, мөн ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих, нийгэм эдийн засагт хэрхэн үр өгөөжийг бий болгох зэргээр судалгааны ажлуудыг хийж байна. Тухайлбал, Монгол Улс 1940 оноос хойш босоо чиглэлийн нэг төмөр замтайгаар 70 гаруй жил явлаа.
Тухайлбал, хойноосоо Оросын хилээр Наушкаар орж ирээд Сэлэнгийн Сүхбаатар өртөөгөөр дамжаад Дархан, Сэлэнгэ, Зүүнхараа, Улаанбаатар, Дорноговь гэсэн чиглэлээр Замын-Үүд, Эрээнтэй холбогддог байсан. Төмөр замын нэг гарцтай байсан гэсэн үг. УИХ-аас "Алсын хараа 2050" хөтөлбөрийг баталж, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг авч үзсэн. Тэр дундаа төмөр замын нэг гарцтай биш олон гарцтай байх талд анхааран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд урд хөрштэйгөө төмөр замын дөрвөн боомтоор холбогдох боломж нөхцөлүүдийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Ингэхдээ нэгдүгээрт, Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг дөрвөн боомтыг шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлууд ид явагдаж байна. Хоёрдугаарт, Монгол Улс анх удаагаа Өмнөговь аймгийн Шивээхүрэнг БНХАУ-ын Сэхэ хилийн боомттой нарийн царигийн төмөр замаар хил дамнуулан холбож буй нь онцлог бөгөөд давуу талтай ажил болж байгааг онцолмоор байна. Бичигт-Зүүнхатавч хилийн боомтын төмөр зам мөн нарийн царигаар Хятад улстай холбогдох болно. Гуравдугаарт, ковидын хөл хориотой, хил хаагдсан хатуу цаг үед Шивээхүрэн боомтод жолоочгүй тээвэр буюу AGV ашиглалтад орж одоог хүртэл ашиглаж байгаа нь боомтуудад шинэ техник технологи, инновац, цахим хөгжлийн дэвшлийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Өнгөрсөн 2023 онд манай улсын хувьд зөвхөн нүүрсний экспорт 69.5 сая тоннд хүрч тээвэрлэсний 3.165 мянган тонн нүүрсийг төмөр замаар, жолоочгүй тээвэр буюу AGV-ээр 3.310 мянган тонн нүүрс экспортолсон байна. Төмөр замаар тээвэрлэсэн тээвэр жолоочгүй тээвэр хоёрын хэмжээ бараг ижил түвшинд байгаагаас харахад боомтын сэргэлтийн нэг үр дүнтэй ажил бол жолоочгүй тээвэр гэдэг нь бас харагдаж байгаа юм.
-Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын хугацаанд ямар үр дүн гарах вэ. Экспорт, импортын хэмжээ хэрхэн нэмэгдэх вэ. Үр дүнг хэрхэн төсөөлж, төлөвлөж байгаа вэ?
-Хамгийн түрүүнд энэ ондоо багтаад Шивээхүрэн-Сэхэ хилийн боомт төмөр замын нарийн царигаар холбогдсоноор нүүрс экспортын ачаа БНХАУ-руу тээвэрлэгдэнэ. Багадаа хоёр сая тонн, дараа дараагийн жилээс мэдээж ачаа тээврийн хэмжээ тогтмол нэмэгдээд явах болно. 2025, 2026 оноос Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажил шил шилээ даран баригдаж, ашиглалтад орно. Ингэснээр урд хөрштэй холбогдож экспортын ачааны хэмжээ 100 сая тонн ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэх бөгөөд, импортын ачаа урсгал нэмэгдэх, транзит тээврийн ачаа эргэлт мөн дагаад нэмэгдэнэ гээд яриад байвал дандаа өсөн нэмэгдэхээр өөдрөг тооцоолол, төсөөллүүдтэй байна.
Өнөөдрийн байдлаар бид Эрээн-Замын-Үүд боомтоор 40 гаруй сая тоннын ачаа барааг нэвтрүүлж байна. Цаашлаад энэ дөрвөн төмөр замын боомтыг ашиглалтад оруулснаар нэг боомтоор жилд багадаа 10-15 сая, 25 сая тонн хүртэлх ачаа барааг экспортлох боломжтой болно. Хэрвээ бид нэг биш таван боомтоор урд хөрш рүүгээ экспортын бараа бүтээгдэхүүнээ гаргахад 100 сая ба түүнээс дээш тоннын ачаа эргэлт явагдана гэж ойлгож болно. Мэдээж хэрэг эхний жилдээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй. 2,3,4 дэх жилээсээ зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүн нь жигдэрнэ.
Экспорт хийгдэж байгаа учраас эргээд манай улсын валютын урсгал нэмэгдэх юм. Энэ нь Монгол Улсын эдийн засаг болон төсөвт өндөр хувь нэмэртэй болох юм. Цаашлаад ДНБ одоогоор таван мянга ам.доллар байгаа бол ирээдүйд 10 мянган ам.долларт хүргэх зорилтоо хангахад ойрхон байна. Төлөвлөгөөний дагуу Шивээхүрэн Сэхэ чиглэлийн хилийн холболтын төмөр зам энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох учиртай. Гашуунсухайт Ханги чиглэлийн хилийн холболтын боомтын төмөр замын ажлууд хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бичигт-Зүүнхатавч чиглэлийн хилийн холболтын төмөр замын ажил мөн ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ.
Өмнө нь бид төмөр замыг голоосоо хил тал руугаа барьдаг байсан бол одоо хил талаасаа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлье гэж байгаа юм. 2023 онд Засгийн газрын 300 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 393 км хөндлөн чиглэлийн төмөр замыг Зүүнбаянгаас Баруун-Урт, Хөөттэй холбож Бичигт боомттой, хойшоо ОХУ-тай Эрээнцаваар холбох ажлууд бэлтгэлээ хангаад явж байна. Шивээхүрэн Сэхэ боомтын хувьд хувийн аж ахуйн нэгжүүд хөрөнгөө гаргаад төмөр замаа бариад зургаан жилийн дараа Монголын төмөр замд 100 хувь шилжүүлж өгөхөөр байгаа. Ингэхдээ төрийн оролцоотой "Шивээхүрэн төмөр зам" компани байгуулагдсан. Тус компанийн 51 хувь буюу төр талын 51 хувийн хувьцааг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшиж байгаа юм. Хувийн оролцоо талаас 49 хувийг нь эзэмшиж байна.
-Эдийн засаг, худалдааны гол хаалга болсон Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Цаашид бусад боомтыг энэ жишгээр өргөтөн, шинэчлэх ажил хэрхэн өрнөх вэ?
-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд Замын-Үүдэд Бүс нутгийн логистикийн төвийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Засгийн газрын тогтоолоор Монгол төмөр зам ХК-нд 400 га газрыг олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 128 га газар дээр ачилт буулгалтын терминалын зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 11 тоот тогтоолоор Замын-Үүдийн “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай хуурай боомт байгуулахыг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд тодорхой хэмжээний шат дараалсан ажлуудыг хийх юм.
Ингэж бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхийн хэрээр хөрөнгө оруулалтууд хийгдэх болно. Үр дүнд нь Замын-Үүдийн боомтын хүчин чадал тав дахин нэмэгдэх болно. Ташрамд дуулгахад, Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогыг тухайлан хэрэгжүүлсний үр дүнд өмнө нь хоёр жилд хийдэг байсан худалдааг нэг жилийн дотор хийдэг болсон нь худалдааны салбарын түүхэн сэргэлт болж байна. Нөгөөтэйгүүр Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар болсон. Одоогоор холбогдох бэлтгэл ажил ид өрнөж байна.
-Төрөөс төмөр замын талаар баримталж буй бодлого, шийдвэрийг Боомтын сэргэлттэй хэрхэн уялдуулан ажиллаж байна вэ. Засгийн газраас дэвшүүлж буй томоохон бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоо сайн байвал хэрэгжилт, үр дүн тэр хэрээр өсөн нэмэгдэх болов уу?
-Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх судалгааны ажил ид явагдаж байна.
Тус судалгааны ажлуудыг дуусгаад шийдвэр гаргах дээд түвшинд хүргүүлэх болно. Ингэснээр цаашид бид 2010 онд УИХ-аар баталсан Төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж чадвал манай улсын хувьд төмөр замын хөндлөн чиглэлийн гурав, босоо чиглэлийн гурван сүлжээг бий болгох бөгөөд барилга, бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Ингэхдээ 10.000 км гаруй төмөр замтай болохоор төлөвлөж байгааг онцлон хэлмээр байна. Мэдээж Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах нь салбарын яамны болон төрийн байгууллагуудын хувьд үүрэг нь юм.
-Та бол Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан хүн. Өнгөрсөн хугацаанд иргэдийг төрд төлөөлөх ажлаа хэр хийсэн бэ. Төрийн ажил, төлөөлөгчийн ажил мэдээж ялгаатай байж таарна?
-Миний хувьд 2008 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, 2016 онд Аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож үндсэндээ сум, аймагт аль алинд нь сонгогдоод ажиллаж байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Сэлэнгэ аймагтаа 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж ажилласан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хушаат сумдыг шилэн кабелиар холбож нэг цэгийн үйлчилгээний төв буюу антен цамхаг, иргэдэд үйлчлэх байшинтай нь бариулж ашиглалтад өгсөн. Мөн Сэлэнгэ аймгийнхаа зургаан тосгоныг шилэн кабелиар бүрэн холбосон.
Үндсэндээ Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгон бүхэлдээ шилэн кабельд холбогдсон. Ингэснээр Сэлэнгэчүүд дэлхий ертөнцтэй хөл нийлж, мэдээллийн эринд мэдээллийн хурдаас хоцрохгүй байх дэд бүтцийг аймагтаа, иргэдэд бий болгож өгсөн. Сүүлд буюу 2023 онд Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоны нийт ерөнхий боловсролын 54 сургуулийн сурагчдыг гэмт хэргээс хамгаалах, үеийн хүүхдүүд хоорондын ялгарал, эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, мөн хүүхэд хамгааллын маш том ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ нь “Итгэлтэй утас” буюу сургуулиудад тус утсыг суурилуулснаар хүүхдүүд хоёр хүртэл минут ээж аавтайгаа үнэгүй ярих боломжийг бүрдүүлсэн. Мэдээж хүүхдүүдийн гар утас нэгжгүй, цэнэггүй үед, эсвэл гар утасгүй хүүхдүүд үе тэнгийн гадуурхалтад өртөхгүй байх тухайд маш олон талын ач холбогдолтой ажил болж чадсан. Ингээд яриад байвал төлөөлөгчөөр ажиллах хугацаанд багагүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.
Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа Нийгмийн бодлогын хороог дөрвөн жил ахлан ажиллаж байлаа. Нийгмийн бодлогын хороо өөрөө эрүүл мэнд, боловсрол соёл, спорт гээд нийгмийн бүхий л салбарыг хамардаг том хороо. Тэр утгаараа олон шийдвэрийг гаргаж ажилласан. Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа нэгдүгээрт хууль дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах үндсэн үүргээ ухамсарлаж ажиллахын зэрэгцээ хувь хүнийхээ хувьд нийгмийн идээ бээр болсон авлига хээл хахууль, хууль бус үйлдлүүдийг, мөн тухайн үеийн аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудыг хууль бус үйлдлүүдэд оролцохгүй байхыг шаардаж, шахаж ажилладаг байв.
-Таны хувьд нийгмийн идэвхтэй залуучуудын тод төлөөлөл. Иргэний нийгмийн байгууллагаас авахуулаад улс төрийн хүрээнд ч дуу хоолгойгоо хүргэж ирснийг тань мэдэх юм. Төмөр замчин, төрийн бодлого хэрэгжүүлэгч хариуцлагатай алба хашихаас өмнөх Сайнжаргалтай танилцъя?
-Тийм шүү, миний хувьд сурагч наснаас эхлүүлээд нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Сурагчдын зөвлөл, оюутан болоод оюутны зөвлөлийн дарга, Монголын оюутны болон залуучуудын байгууллагад идэвхтэй ажиллаж, үйл ажиллагаанд нь оролцож ирсэн. Улмаар 2004 оноос МАН-д элсээд өнөөдөр 20 жил болжээ. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн сонгуульт ажилтай. Мөн НАМЗХ буюу одоогийн Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2022 оны дөрөвдүгээр сард болсон НАМЗХ-ны ээлжит бус их хурлыг удирдаж залуучуудын байшууллагынхаа нэрийг солих түүхэн шийдвэрлэх хурлыг удирдсандаа бахархалтай байдаг.
-Монголын хамгийн томд тооцогдох залуучуудын байгууллага болох НАМЗХ өнгөрсөн хугацаанд социал демократ үзэл баримтлалыг тунхаглаж, энэ тухайд амжилттай шилжилт хийсэн. Энэ ажлыг манлайлсан, одоо удирдлагын багт нь ажиллаж байгаа хүний хувьд одоогийн СДМЗХ-ны үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаар манай уншигчидтай хуваалцана уу?
-СДМЗХ бол МАН-ын дүрмийн дөрвөн төрийн бус байгууллагын нэг. 28 жилийн түүхтэй том байгууллага. Өнөөдрийн төрийн гурван өндөрлөг болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн энэ гурван хүн гурвуулаа манай холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа шүү дээ. МАН 30 дахь их хурлаараа үзэл баримтлалдаа тодотгол хийж социал демократ үзэл баримтлалаа сэргээсэн. Товчхондоо эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэхийг социал демократ үзэл гээд байгаа юм. Тэгэхээр МАН-ын залуучууд эрх чөлөөг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, эв нэгдлийг бий болгохын төлөө хүмүүжиж төлөвших ёстой юм. Олон залуус маань энэ үзэл баримтлалаа ойлгож, ухамсарлаасай гэж бодож байна.
-Та саяхан УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намынхаа удирдлагуудад хүргүүлсэн. МАН-ын шинэчлэл, өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэж явсан хүний хувьд улс төрийн итгэл үнэмшил, залуу хүний алсын харааг тань сонсъё?
-Миний хувьд 2004 оноос хойш үндсэндээ 20 жил энэ намын үзэл баримтлалыг дэмжиж, үйл хэрэгт нь гар бие оролцож байна. Ялангуяа МАН ялагдсан 2012-2016 онд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байхад тухайн үеийн АН-ын Засгийн газрын буруу бодлого, шийдвэрийг хурцаар эсэргүүцэж, шүүмжилж явлаа. Тэр бүү хэл, улс төрийн акцуудыг хүртэл зохион байгуулж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байсан. Үүнийг дурдаж байгаа нь гайхуулаад байгаа хэрэг биш, гол нь улс төрийн нам болон улс төрийн намын гишүүд намаа ялагдсан үед нь сөрөг хүчин болж ард түмний дуу хоолой болж ажиллах ёстой. Тэр үүргээ л биелүүлсэн, мөн залуучуудаа улс төрд манлайлсан гэж бодож явдаг. Миний хувьд одоо 40 нас хүрлээ, таван хүүхдийн аав боллоо, ажлын байранд гараад 18 жил боллоо, мэдлэг боловсролоо дээшлүүлж хэд хэдэн их сургуульд суралцаж өөрийгөө хөгжүүллээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг баримтлан, мөн залуучуудын төлөөлөл болж энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын залуу боловсон хүчний хувьд, нийгмийн тод өнгө төлөөлөл болж ажиллаж чадна гэж хувь хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан. Ингэснээр УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр МАН-ын Удирдах зөвлөлд хүсэлтээ өгөөд байна. Мэдээж энэ удаагийн УИХ-ын сонгууль өөрөө онцлогтой. Анх удаагаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн сонгууль болно. Мөн 126 мандат дээр намууд өрсөлдөнө, Монголынхоо ирээдүйн 30 жилийн хөгжилд залуу хүнийхээ хувьд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл бичих хэсэг