МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

    Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад цаг үеийн хүндрэлийг хүн, малгүй эсэн мэнд даван туулах нь хамгаас чухал байна. Бэлчээрийн буюу уламжлалт нүүдлийн мал аж ахуйн салбарт байгаль цаг уурын эрсдэл байнга шахуу тулгарч, томоохон ган, зуд тодорхой үечилсэн байдлаар тохиолдож байдаг ч энэ бүхнийг даван туулахад малчдын дунд нэвтрүүлсэн тэргүүн туршлага, ахмад малчдын мал маллах арга ухаан, үлгэр дуурайлал их юм.

Монгол орон даяар малчдад туслах аян өрнүүлж байгалийн хадлангийн өвс, төрөл бүрийн ногоон тэжээл, лууль шарилж, хивэг, үр тариа, зарим үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн багсармал тэжээл, хужир шүү, долооц гээд олон нэр төрлийг тэжээлийг боломж бололцоогоороо бүрдүүлж цаг хүндэрсэн аймаг сумдын малчдад илгээх асуудал зохион байгуулагдаж байна.

Тиймээс зөвлөмжийн өмнө хэлэхэд “Дулаан хэвтэр, дундуур идэш” гэдэг үгийг дурдах нь чухал байх.

Өнөөдөр хамгийн гол нь цаг үеийн энэ хүнд нөхцөлд нийт сүргээ эсэн мэнд авч үлдэх боломж хомс тиймээс хээлтэй өсвөр залуу эм мал, чанартай эцэг малаа хамгаалах асуудлыг эрхэм болгох нь зудын дараах нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад дөхөм болохыг хэлэх нь зүйтэй.

Түүнчлэн дээрх мал сүргийг өл алдуулахгүй, дааруулахгүй байхад чиглэх хэрэгтэй. Үүний тулд дараах зааварчлаагааг өгч байна.

  • Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх: Цас ихтэй хүйтэн байгаатай холбогдуулан малын хот бууц хөлдөх, цантах нь их байгаа үүний улмаас саравч, хорооны булан руу мал хэт бөөгнөрөх, тамир тэнхээ муутай хэсгээ дарах, дээр нь хэвтэж, өеөдүүлэх нь их байдаг. Үүнээс үүдэн зүй бус хорогдол ихэсдэг талтай. Тиймээс хот бууц хөлдөх цан цохихоос сэргийлж өдөрт хотондоо утаа тавих, хотны булан тохой, гол хэсэгт дөрвөлжин нүх /1х1м ,1х0.5 м хэмжээтэй/ ухаж өтөг, бууцаар дүүргэхэд малын биеийн илчээр халалт үүсэж, тухайн нүхэн дэх бууц 24-48 цагийн дотор хатдаг. Тиймээс өглөөд нүхтэй хэсгүүд дээр бууцаа хэсэгчлэн овоолж оройдоо тарааж хэвтүүлэх нь чухал, Нөгөө талаас тамиртай, тамир муутай өргүүлийн малаа ялгаж заагтай хотлуулах, хашаагаар тусгаарлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
  • Ясны шөл, цайны хандаар тамир тэтгэх: Хэт ядарч дор орсон малыг хүчтэй тэжээлээр их хэмжээгээр тэжээхээс зайлсхийж эхлээд тэжээл боловсруулах үйл ажиллагааг тэтгэх арга хэмжээг авна. Ингэхдээ хүнсэнд хэрэглэсэн, халдварт өвчнөөс бусад нөхцөлөөр үхсэн адуу, үхрийн ясыг 2-3 цаг чанаж /8-10 хэм/ бүлээн шөлийг нь өдөрт бод малд 4-5 л, бог малд 1.5-2 л хүртэл хэмжээгээр уулгана. Эсвэл ногоон цайны өтгөн ханд бэлтгэн бод малд өдөрт 8-10 л, бог малд 1.5-2 л өгнө. Хэт дор орсон нөхцөлд цайнд бага зэрэг сахар, 1 халбага шар тос хийж хутган уулгах хэрэгтэй. Тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ясны шөл, цайны ханданд шар будаа, хивэг, өвсний гурил зэргийг 10 литр тутамд 1-1.2 кг хийж чанах, халуун ханданд хийж хутгах зэргээр зутан бэлтгэн өглөө өдөр, орой бага, багаар өгч тэжээл идэх, шингээх чадварыг нь тэтгэх нь зүйтэй. Тэжээл авч байгаа малын нүд сэргэн, хөдөлгөөн идэвхжээд ирэхээр хэвийн тэжээллэгт нь оруулах нь тохиромжтой. Анх уулгаж байгаа мал уухгүй байгаа нөхцөлд амаар нь цутгах болон тэжээлийг зуурч өгнө.
  • Малыг өл алдуулахгүй байлгах: Хонь, ямаанд жижиг амны халбага, үхэрт том амны халбагаар өглөө, оройд нэг нэг удаа хоолны бор давсыг дангаар нь өгөх, адуунд өглөөд нэг удаа нэг хумс саримас эсвэл нэг ширхэг ёотон өгөх зэргээр малын гүзээ ходоодыг хэвийн ажиллагаатай байлгах, тэжээл боловсруулах замын бичил биетнүүд, шааханцруудын үйл ажиллагааг дэмжиж байх нь өгсөн тэжээлийг сайн шингээж малыг энерги алдахгүй байлгахад ихээхэн үр дүнтэй.
  • Тэжээлийг урьдчилан боловсруулж тэжээх: Төрөл бүрийн тэжээлийн нөөц, тусламж дэмжлэгээр хүрч байгаа төрөл бүрийн тэжээлийг ариг гамтай, хаягдалгүй, хүртээмжтэй өгөх, хамгийн гол нь хонь, ямаа, үхэрт хивлэг алдуулахгүй байх хэмжээнд өвс, ногоон тэжээлийг тооцож хоногт бог малд 0.5-1.2 кг, үхэрт 1.5-2 кг -аар бага багаар тогтмол цагт өгөх болбол хэрчиж өгөх, төрөл бүрийн үр тариаг 0.3-0.5 мм орчим хэмжээтэй бяцлаад, 34-40 хэмийн халуун бүлээн усанд хийж бага даа 3-4 цаг дэвтээж өгөх, бутлах, няцлах боломжгүй бол чанаж зөөлрүүлэн мал тэжээх нь зүйтэй. Ингэж боловсруулах нь тэжээлийн шингэцийг нэмэгдүүлэх төдийгүй, малын биед удаан задарч шингэдэг нэгдлүүдийг хялбар задрах нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй тэжээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Чанаж дэвтээсэн тэжээлийг тухайн өдөрт нь хэрэглэж дуусгах шаардлагатай тул тохирох хэмжээгээр бэлтгэж байх
  • Сүрэл, өнжмөл өвсийг хэрчих, жижиглэх, уураар боловсруулж мал тэжээх: Сүрлийн шимт чанарыг нэмэгдүүлэх, мал идэхэд дуртай болгох, хаягдлыг багасгаж хамгийн хялбар арга бол түүнийг хэрчиж жижиглэх юм. Хэрчиж жижиглэсэн сүрлийг мал дуртай идэх бөгөөд түүнийг цаашид өөр аргаар боловсруулахад тохиромжтой байдаг. Сүрэл, өнжмөл өвсийг хэрчиж жижиглэх хэмжээ үхэрт 3-5 см, хонь, ямаанд 2-3 см урттай байх нь тохиромжтой. Хэрчиж жижиглэсэн сүрлээр мал тэжээхэд үлдэгдэл нь 20-30 хувиар буурна. Дэвтээсэн сүрэл зөөлөн, амт үнэр сайтай болж, идэмж нь нэмэгддэг. Сүрлийг давстай усаар дэвтээхийн тулд модон 1.2 шоо метр саванд 100 кг хэрчсэн сүрэл хийж 100 л халуун ус 2-3 кг давс нэмж сайн холиод 10-12 цаг дэвтээнэ.

Дэвтээсэн сүрлийг бүлээнээр нь малд өгөхөд сайн иддэг. Дэвтээсэн сүрлийг өдөрт нь багтааж хэрэглэж дуусгах хэрэгтэй.  Сүрэл, өнжмөл өвсийг уураар боловсруулахад амархан зөөлөрч амт нь сайжирч, мал идэх нь дээшлэхээс гадна элдэв нян бохирдол нь устдаг сайн талтай.

Уураар боловсруулахад сүрлийг давхар ёроол бүхий модон саванд хийж, хааж битүүлээд гаднаас нь оруулсан төмөр хоолойгоор 30-40 минутын турш халуун уур оруулсны дараа 5-6 цаг битүү байлгаад гаргаж бүлээнээр нь бусад тэжээлтэй холих юм уу дангаар нь малд өгнө. Дэвтээсэн тэжээлээр мал тэжээхдээ хэт орой өгөхөөс зайлсхийж өдөр өгөх нь зүйтэй. Хэт орой шүүст тэжээлээр тэжээхэд мал их шууж хэвтэр хөлдөх аюултай.

  • Тэжээлийг амтлах: Хэрчсэн сүрэл, өнжмөл өвсийг таана, агь зэрэг шимт ургамал, няцалсан үр тариа, хивгээр амтлахад үнэр, амт нь сайжирч малд идэгдэх идэмж нь нэмэгдэхийн зэрэгцээгээр чанар нь дээшилдэг. Сүрлийг амтлахын тулд 100 кг хэрчсэн сүрлийг 5-10 кг үр тариа юм уу шимт чанар сайтай ургамлыг нэмж өгнө.

 

  • Үр тариаг жижиглэж, нунтаглах: Yp тариаг жижиглэхэд түүний шимт бодис нь тэжээл боловсруулах эрхтний шүүсэнд амархан боловсорч улмаар бие махбодод шингэх нь дээшилдэг. Мөн бусад тэжээлтэй холиход тохиромжтой болдог. Yp тариаг тээрэмдэж хэр зэрэг жижиглэх нь үрийн чанар болон тэжээх малын нас, төрлөөс хамаарна. Үхэр хонинд үр тариаг 1.5-2 мм, адуунд бүхлээр буюу томоор буталж өгөх нь тохиромжтой. Тослог ихтэй үр тариаг жижиглэхэд амархан хурших тул хошуу будаа, эрдэнэ шишийг нунтаглаад 10-аас дээш хоног хадгалах нь тохиромжгүй.  Жижиглэсэн үр тариаг бодод 1.0-2.5 кг, бог малд 200-400 г оногдохоор тооцож бусад тэжээлтэй хольж хэрэглэнэ.
  • Үр тариаг хуурах: Үр тариа хатуу хальстай учраас зарим малд боловсорч шингэхдээ удаан байдаг. Төл малыг тэжээхэд зориулан үр тариаг хуурч хэрэглэнэ. Үр тариаг хуурахад үнэр амт сайтай болж цардуулын шингэх байдал дээшлэхээс гадна элдэв бохирдлоос ариутгагддаг байна. Будааг хураахын тулд түүнийг усанд дэвтээсний дараа тогоонд жигд цайвар хүрэн өнгөтэй болтол хуурна. Хуурсан үр тариаг төл малд 100-150 г өгнө.
  • Үр тарианы зутан бэлтгэх: Yр тариа, ялангуяа хошуу будааг няцалж нунтаглаад зутан хийж төл малд өгөхөд төлийн бие махбодод амархан шингэж, өсөлт торнилтыг сайжруулахаас гадна турж доройтсон малыг тэнхрүүлэх сувиллын үйлчилгээ сайтай тэжээл болно. Хошуу будааны зутан бэлтгэхдээ нэг кг хошуу будааг няцалж нунтаглаад 2.5 л буцлам халуун усанд хийж хутгаад 1 цагийн дараа шүүж өтгөн хэсгийг давс, хужраар амталж малд өгнө. Шүүж авсан шингэний нэг литр тутамд 5 г давс хийж буцалган зутан бэлтгэж тугалд 0.7-1.5 л, бог малын төлд 300-400 г өгөхөөс гадна хурга, ишгэнд сүүтэй хольж дээрх хэмжээгээр угжина.
  • Осгосон, даарсан малыг арчлах: Цас их орсноор хотондоо мал цасанд дарагдах явдал их байдаг. Энэ нөхцөлд даарсан өсгөсөн бог малд шар тосыг халааж амны халбагаар нэг өгөөд илүү гэр, пүнзэнд хийх, боломжгүй бол дулаан хучлагаар хучиж орхиход мал хурдан сэргэнэ, мөн цасанд дарагдсан үхэр адууг голд нь орсон хүйтнийг гаргах зорилгоор нарийн элсийг тогоонд хийж гал дээр хууран 3-5 кг орчмоор савлан зоо нуруун дээр нь бүлээн жин тавих, боломжгүй нөхцөлд бог малд 50-100 мл, бод малд 200-300 мл архийг амаар нь цутгаж яаралтай арга хэмжээг авахад осголтоос хурдан гаргадаг талтай.

Эх сурвалж:

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,

Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн захирал,

 доктор Д.Гүрбазар,

Бэлчээр тэжээллэгийн тэнхимийн эрхлэгч

 доктор А.Отгонжаргал



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Талбай дээр энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно  2025 оны 6 дугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөрэй  10 давхар орон сууцны барилгыг 28 цаг 45 минутад барьжээ  6 сарын 1-нээс айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ  Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна  Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ  Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ  Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ  Цахимаар төлж цагаа хэмнэе...  10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ  Ж.Чинбүрэн: Визтэй монгол иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй буцааж байгаа асуудлыг БНСУ-ын парламентаар хэлэлцэхээ илэрхийлсэн  Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа  Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замыг шинэчилж байна  УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина  Суррон, мопедыг улсын дугаар, гэрчилгээжүүлж хөдөлгөөнд оролцуулна  “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв  БГД: 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ  Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна  Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо  “Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АВТОЗАМ ДАГУУХ ХАШЛАГАНЫ ӨНГИЙГ СЭРГЭЭХ, ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА  "Улаанбаатарын соёлын өдрүүд" тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо.  Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй  Ж.Чинбүрэн: Сувилагчийн мэргэжил бол амь нас, хайр, итгэл, хариуцлага, тэсвэрийн нийлэмж  Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна  Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.