“Эрдэнэс бонд”-оос тэтгэврийн зээл тэглэх мөнгө цуглах уу?

Тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн сулрал,  коронавирусын нөлөөлөл гээд хаа сайгүй амьдрал хүндхэн байхад цөөхөн төгрөгийн тэтгэврээр амь зуудаг ядарсан хөгшдөө харж үзсэн нь сайн хэрэг, “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэж олзуурхах хүмүүс эсэргүүцэгчдээсээ олон байна. Өөр нэг олзуурхал нь ахмадуудын зээлийг тэглэхэд төсвөөс мөнгө гаргахгүй. Татвар төлөгчдийн өгсөн мөнгөөр хөгшдийн тэтгэврийг дарахгүй, “Эрдэнэс Монгол” компани “Эрдэнэс бонд” гаргах замаар шийдэх юм. Бүр тодруулбал Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоос нь тэтгэврийн зээлийг тэглэхээр төлөвлөж буй.  Зээл тэглэх хуулийг хэрэгжүүлэхэд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг  ажиллаж эхэлжээ. Хууль дагасан гурван тогтоол, нэг журам баталчихаж.  Тогтоол, журам ёсоор “Эрдэнэс Монгол” ХХК  охин компани болох “Эрдэнэс силвер ресурс”-тайгаа хамтарч  бонд гаргах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээж.  Товчхондоо санхүүгийн зах зээлд хаалттай хүрээнд гаргах бондын ажил хурдацтай өрнөж байгаа аж. Процессын дагуу арилжааны банкуудтай гэрээ хийх шатандаа яваа гэсэн хариуг албаныхан өглөө.  Энэ дашрамд онцлоход бонд гаргахын тулд Хөгжлийн банк баталгаа гаргах юм. 

“Эрдэнэс бонд” амжилттай босох уу,  тэтгэврийн зээл дарна гэж төлөвлөсөн мөнгө цугларах уу гэсэн асуултын хариу олны сонирхлыг татаж байгаа. Үнэлгээ  нь өндөр, ашиг нь дажгүй, үйл ажиллагаа нь эрчтэй, хамгийн гол нь ирээдүйтэй компани, төслүүдэд л хөрөнгө оруулагчид мөнгөө итгэж  өгдөг. “Эрдэнэс Монгол” хөрөнгө оруулагчдын энэ шаардлагыг хангаж чадах уу гэсэн асуултад хариу хайя.

Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит, Таван толгой гэх мэт стратегийн том ордуудыг багтаасан гэдэг утгаараа “Эрдэнэс Монгол”  үнэлгээ, үнэ цэнийн хувьд бол  яалт ч үгүй өндөрт тооцогдоно. Коксжих нүүрсийг урд хөршийн зах зээлд нийлүүлдэг  “Эрдэнэс Таван толгой” гэхэд л өнгөрсөн жил өндөр ашигтай ажилласан. “Эрдэнэс Монгол” түрүү жил гэхэд  16.1 сая.тн коксжих нүүрс, 41 сая.тн зэсийн хүдэр, 6.1 сая.тн эрчим хүчний нүүрс олборлож, 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн юм.  Яг одоо гэвэл “Эрдэнэс Монгол” зардлаа хэмнэх горимд ажиллаж эхэлжээ. Шалтгаан нь коронавирусийн тархалтаас үүдэж зогссон нүүрсний экспорт. Гэхдээ вирусын тархалт ирэх сар гараад намжих зураг харагдаж байгаа. Тархалт намжингуут нүүрсний экспорт сэргэнэ, коксжих нүүрсээр “өлссөн” гангийн үйлдвэрүүдийнх нь эрэлт ирэх наймдугаар сар хүртэл өссөөр байна гэсэн эерэг мэдээ бий. Ингээд харвал энэ жил ч нүүрсний экспортоос дажгүй мөнгө олох боломжтой  гэсэн үг.

Түрүү жилийн өөр нэг сайн мэдээ гэвэл “Эрдэнэс Монгол” 1690 тууш метр хайгуулын өрөмдлөг хийчихэж. Хайгуул хийх тусам энэ компанийн эзэмшдэг ордын нөөц нэмэгдэж үнэлгээ нь өсөх сайн талтай.  Таван толгой ордын хувьд хэзээд үнээ алддаггүй коксжих нүүрсний экспортоос гадна метан хийн эрэл хайгуул хийгдсэн. Хайгуул хийсэн компаниуд тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулсан мэдээ бас дуулдаж байна.  Австралийн “Жейд метан”-тай хамтарсан энэ төсөл амжилттай хэрэгжвэл Монгол улс нүүрс олборлох явцад  агаарт дэгдчихдэг метан хийнээсээ мөнгө олж эхэлнэ. “Эрдэнэс Монгол”-ын охин компани  “Эрдэнэс метан” өнөө жил Таван толгойн бүлэг ордод метаны хайгуул хийх юм билээ. Тавантолгойгоос хий олборлож түгээгээд эхэлбэл мөнгө олохоос гадна нийслэлийн агаарын бохирдлыг зуун хувь шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл хийгээ зарах зах зээл нь бэлэн гэсэн үг. Хийн төсөл амжилттай болвол урд хөрш рүү хоолой татах юм уу, тээвэрлэж экспортлоод ч доллар  олох боломж бий.

Компанийн ирээдүйтэй эсэхийг нотлох нэг л том хэмжүүр бий. Ашигтай төслүүд хэрэгжүүлж байна уу гэсэн асуулт тавихад л хэр ирээдүйтэй нь тодорхой болчихно. Өнгөрсөн жил лав “Эрдэнэс Монгол” кокс,  ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулсан санагдаж байна.Олзуурхууштай нь тэд хувийн хэвшлийн “Бэрэн групп”-тэй хамтарна. Төр, хувийн хэвшил хамтарч том төсөл хэрэгжүүлээд хөгжсөн улсын жишээ өчнөөн бий. Энэ талаас нь харвал тэдний  хамтарсан төсөл амжилттай хэрэгжинэ гэдэг эргэлзэх зүйл алга. Кокс, ган төмөрлөгийн цогц үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийн хувьд Монголд анх удаа хийгдсэн ажил гэдгийг энэ дашрамд онцолъё. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын том төслүүд олноороо хэрэгжинэ, энэ үзэгдлийг дагаад ган төмөрлөгийн хэрэглээ огцом өсөх таамаг бий. Өөрөөр хэлбэл  “Эрдэнэс Монгол”-ын ТЭЗҮ-ийг нь батлуулчихсан  ган төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орвол улсын төсөвт жилдээ 160 тэрбумыг зөвхөн татвар хэлбэрээр оруулна. Ингээд ч зогсохгүй ган төмөр авах гэж гадагшаа урсгадаг байсан 250 сая ам.долларыг Монголдоо үлдээж чадна. За тэгээд Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулсан, цаашид ч өндөр өгөөжтэйгөөр ашиглана, алт цэвэршүүлэх үйлдвэр барьж босгоно, Казахстан улс  30 сая ам.долларын үнэтэй алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголд үнэ төлбөргүй өгсөн гэж ирээд тоочвол “Эрдэнэс Монгол” цаашид ч илүү томорч, өргөжихийг баталсан өчнөөн жишээг дурдаж болно.

Төгсгөлд нь онцлоход “Эрдэнэс Монгол” ХХК-ийг ирэх жилүүдэд улам томроход гол нөлөө үзүүлэх компани бол “Эрдэнэс ассет менежмэнт”. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авчихсан “Эрдэнэ ассет менежмэнт” –ын хувьд хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани хэлбэрээр ажиллах юм билээ. Товчхондоо “Эрдэнэс Монгол”  уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаатай эх үүсвэрийг дотоод, гадаадын зах зээлээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болчихлоо гэсэн үг. Ингэж чадвал гадаадын их мөнгөтэй том сангуудтай хамтарч илүү их мөнгө босгох, Монголд хэрэгжих том төслүүдэд хямд, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин /2020.02.19/



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо  УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой  Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина  “Сэлбэ 20 минутын хот”-ын барилга угсралт 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Газар худалдах, худалдан авахдаа эрх бүхий байгууллагын мэдээллийг нягтлахыг зөвлөж байна  БЗД: Хүн бүр хуулиа дээдэлж хүүхдийн эрхийг хамгаалъя  БАЯНБЗД: Иргэн бүрд төрийн үйлчилгээг эрх тэгш олгож буй төрийн албан хаагч танд баярлалаа  БЗД: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруугийн явган замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн  БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.