Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020.04.09-нд Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.
Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.
Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүд О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Р.Содхүү, Ө.Энхтөр нар оролцож, ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг онцгой нөхцөл байдалд хэрхэн уялдуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Р.Содхүү: Ерөнхийдөө сонгууль зарлагдсан цагаас хойш дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдлыг манай орны нөхцөл байдалд холбогдуулан дүгнэж үзэхэд ганц л юм бодогдож байна. Сонгуульд нийт 4 үе шат байдаг. Энэ үе шат бүрийг нарийн судлах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээрт, сонгууль зарлагдана. Ингэхээр мөрийн хөтөлбөр дээр бүгд “шаваарч” байгаа юм. Мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж худлаа шүү. Хоёрдугаарт, нэр дэвших хүрээнд маш өргөн цугларалт болно. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намууд дээр цугларалт болно. Гуравдугаарт, сурталчилгааны хоёр хоног бий. 2.2 сая сонгогчийн асуудал. Энэ хүмүүс цуглахад ямар байдал үүсэх вэ? Энэ цугларалтууд 4, 5 дугаар сард болно. Улмаар хамгийн их цугларалт хэсгийн хороодод үүснэ. 2,070 санал авах байр ажиллана. Цугларалтгүй сонгууль гэж байхгүй гэсэн юм.
Сэтгэгдэл бичих хэсэг